Халуун сэдэв

Ирэх 10 сарын 15-ны өдөр орон нутгийн сонгууль улс орон даяар явагдана. Нийслэл, дүүрэг, аймгийн төлөөлөгчдөө сонгож, орон нутагтаа засаглах нам, хүчнийг ард иргэд сонгох юм. Орон нутгийн сонгуульд иргэд идэвх муутай оролцдог. Өмнөх хоёр сонгуулиар санал хураалт ирцэндээ хүрээгүйгээс үүдэн дахин сонгууль болж байсан түүх бий. Тийм учраас энэ удаагийн сонгуульд ирцийн босгогүй, хэн олон санал авсан нь ялалт байгуулахаар хуульчлаад байна. Мөн тусгайлсан онцлогтой зохицуулалтууд ч олон байгаа юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн гээд дөрвөн шатны төлөөллийг сонгох сонгуулийн санал хураалт ирэх сарын 15-ны өдөр явагдана. Өөрөөр бол иргэн таны амьдарч байгаа аймаг, сум, дүүргийн хөгжил, тулгамдаж байгаа асуудлыг шууд шийдвэрлэх үүрэг бүхий субъектыг сонгох юм. Гэвч орон нутгийн сонгуулийн ирц УИХ-ын сонгуультай харьцуулахад муу, иргэдийн идэвх оролцоо тун хангалтгүй байдгийг албаны хүн онцоллоо. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд ирцийн босго тогтоогоогүйн дээр санал хураалтын цагийг богиносгон хуульчилсан байна. 

Сонгуулийн санал хураалтыг Улаанбаатар хотын цагаар тооцох тул баруун гурван аймаг өглөө зургаан цагт санал хураалтаа эхлүүлж оройн 19 цагт дуусгана. Харин сонгогчдод очиж байгаа саналын хуудас хоёр хэсгээс бүрдэнэ гэлээ.

СОНГОГЧДОД ОЧИХ САНАЛЫН ХУУДАС ХОЁР ХЭСГЭЭС БҮРДЭНЭ

ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА 9-Р САРЫН 30-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

 

Өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд нам эвслүүд болон бие даан нэр дэвшигчид нэрсээ тодруулж СЕХ-нд бүртгүүлэх учиртай. Харин сонгуулийн сурталчилгаа энэ сарын 30-ны өдрөөс албан ёсоор эхэлж 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Сурталчилгааг цахим хуудсаар явуулах бол заавал СЕХ-нд бүртгүүлсэн байхыг мэргэжилтэн санууллаа. Хэрэв сурталчилгааны хуулийг зөрчвөл нэр дэвших эрхийг хасах хүртэл арга хэмжээ авахыг хэлсэн юм.