Халуун сэдэв

НИТХ-ын дарга асан Сандуй, Ганбаатар нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг өнөөдөр болохоор товлогдсон ч хойшиллоо. Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах гэж байсан хэмээн буруутгаж байгаа юм. Энэ нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг гэж хуулийн байгууллага үзжээ. Хэргийн гэрчээр Доржзодов дуудагдсан байна.  

 НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч хурал хойшиллоо. Шүүх хурлын Урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны аравдугаар сарын 7-ны 10:00 цаг хүртэл хойшлуулжээ. Шүүх хуралд яллагдагчаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар өмгөөлөгчдийн хамт оролцох бол анх "60 тэрбум"-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов, УИХ-ын дарга М.Энхболд нарыг гэрчээр дуудаад байсан юм. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нар шүүх хуралд оролцохоор ирээд байсан ч Ц.Сандуйн өмгөөлөгч Г. Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан, тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан байна. Хэргийг дахин сануулахад, Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан аудио бичлэг өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарч шуугиан тарьсан. Энэхүү хэрэгт тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар холбогддог. Хууль, хяналтынхан "60 тэрбум"-ын гэх тодотголтой эл хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татаад байгаа юм. Яллагдагч А.Ганбаатарт төлөвлөсөн ялыг хүлээн зөвшөөрөхгүй  гэх тайлбарыг тэрээр өгсөн байна. Яллагдагч Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан" гэх үндэслэлээр 16-20 жилийн ял төлөвлөөд байгаа юм.  Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу "Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.