Малайз Улсад Энэтхэгийн хувилбар гэгдэх мутацийн эхний тохиолдол илэрсний дараа тус орноос ирэх нислэгүүдийг зогсоожээ

Ковид-19 /дэлхий/
Энэтхэгт анх илэрсэн, маш хурдацтай тархах коронавирусний мутацийн эхний тохиолдол Малайзид илэрсэн талаар тус орны Эрүүл мэндийн сайд Адхам Баба Энэтхэгээс ирэх шууд нислэгүүдийг түр зогсоосны дараа мэдэгджээ.
Б.1.617 гэгдэх энэхүү мутаци нь Куала Лумпурын ОУ-ын нисэх буудалд Энэтхэгийн иргэнийг хянахад илэрсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ мутацийн талаар тодорхойлохдоо олон мутаци агуулсан энэ төрөл нь тархахдаа маш хурдан тул ноцтой өвчлөл үүсгэх аюултай гэжээ.

Малайзийн Эрүүл мэндийн сайд Адхам:
"Гэхдээ олон нийт тайван байхыг зөвлөж байна. Халдварын гинжин холбоог тасалж, олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахын тулд бид бүхэн үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргаж байгаа"
гэжээ.

Харин тэрээр энэ төрөл Малайзид яг хэзээ илэрсэн өдрийг хэлээгүй байна.

Малайз Улсад Ковид-19 халдварын нөхцөл байдал сайнгүй байгаа, Энэтхэгийн мутацийн энэ төрөл тархахаас сэргийлэн Лхагва гарагаас Энэтхэгээс ирэх нислэгүүдийг хориглосон.

Малайз Улсын хувьд 32 сая хүн амтай, 80 хувийг нь дархлаажуулалтад хамруулахаар зорьж байгаа юм.

Зүүн Өмнөд Азийн энэ оронд Ням гарагт 3,418 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 415,012 хүрсэн. Нас баралт 1500 болжээ.

Эх сурвалж: Reuters