Нийгэм

Говьсүмбэр аймгийн хувьд нийт 25 уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй. Хамгийн том нь стратегийн ордод тооцогддог Шивээ-Овоо ХК юм. Үүнээс гадна Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байрлах "Эйкү Сора" нүүрсний уурхайн асуудал сүүлийн жилүүдэд хурцаар хөндөгдөж, орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна.

Тодруулбал  "Эйкү Сора" гэх энэхүү нүүрсний уурхайн лицензийн талбайд Шивээговь сумын газар нутгийн 30% буюу 30,000 гаруй га газар багтдаг байна. Үүнд 2217 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, 180 иргэний авто гражийн зориулалттай газар, 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрууд, төрийн байгууллагын эзэмшил газрууд бүхэлдээ энэхүү уул уурхайн ашиглалтын лицензтэй талбайдбайна. Иймээс тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг орон нутгийн иргэд төр захиргааны байгууллагуудын удирдлагууддаа өнгөрсөн хугацаанд байнга шахуу тавьсаар иржээ. Мөн шүүх байгууллагад хүртэл хандсаар ирсэн ч одоог хэр нь лицензийг нь цуцлаагүй өнөөг хүрсэн тухай хэлж байна.

"Эйкү Сора" гэх нүүрсний компанийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл авахаасаа эхлүүлээд хууль зөрчсөн баримтууд ч цөөнгүй байдгийг нутгийн иргэд хэлж байна. Тухайлбал энэ уурхайн хайгуулийн лицензийг анх 2004 онд  Мөнх-Эрдэнэ гэх хүний нэр дээр авсан бөгөөд тухайн жилдээ "Шинэ шивээ" гэх компанид шилжүүлжээ Улмаар 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч, 2016 онд  "Эйкү Сора"  гэх Хонг Конгийн хөрөнгө оруулалттай компанийн мэдэлж шилжсэн байна. 2017 оны 12 дугаар сард хууль зөрчин олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлжээ.  Ингэхдээ байгаль орчны нарийвчилсан үнэлгээ огт хийлгээгүй, байгаль орчны нөлөөлөлд өртөх иргэдийн багын нийтийн хурлаар үйл ажиллагаа явуулах нь зөвшөөрөгүй байхад үйл ажиллагаагаа хүч түрэн явуулсан гэх мэт олон асуудал үүсч байсан гэх мэт хууль ус олон зүйл байгааг орон нутгийн удирдлагууд нь ч хэлж байна.

Уг нь тус уурхай 2017 оны 12 дугаар сард олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч аймгийн удирдлагууд, эрх бүхий мэргэжлийн байгууллагуудаас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргасан байна. Гэвч шөнө дөлөөр ажиллаж, хууль зөрчин олборлолт явуулж байсныг нутгийн зарим иргэд харсан тухайгаа хэлж байсан юм. Тиймээс энэхүү уурхайн тусгай зөвшөөрлийг цуцалж, иргэдийн өмчилсөн газрын эрхийг сэргээж өгөхийг  орон нутгийн иргэд нь хүсч байна.