Нийгэм

Таван толгой компаниас гаргасан шахмал түлшний хувьд өндөр илчлэгтэй кокжсон нүүрс. Угаасан нүүрс учраас элдэв химийн бодис байхгүй нүүрс шиг утаа үнэр ч ялгарахгүй гэж албаны хүн тайлбарлаж байна. Харин иргэдийн хувьд бэлтгэл сайтар хангах ёстойг сануулаа.  Ахуйн зуухныхаа иж бүрэн байдал зэргийг сайтар шалгаж галлагааг зөв хийх зөвлөмжийг өглөө.  

Шахмал түлшийг Монголын болон гадны лабораториудад шинжлүүлэхэд хүний биед хортой, аюултай бодис ороогүй, стандартад нийцсэн гэдэг нь тогтоогдсон тул иргэд, айл өрхүүд санаа зоволтгүй хэрэглэж болно гэдгийг тавантолгой түлш компаниас мэдэгдээд байгаа юм. Тэгвэл тэд өнөөдөр түлшний үнэрний талаар тайлбар хийлээ. Шахмал түлш огт үнэргүй биш, үнэртэй. Энэ үнэр нүүрсний үнэр. Гэхдээ түүхий нүүрснээс хэд дахин бага үнэртэй гэлээ. Түлшний үнэр, барьцалдуулагч зэрэг нь угаартахад нөлөөлөхгүй. Харин иргэд галлахдаа зарим зүйлсийг анхаарах шаардлагатай гэлээ.

Зуухны их биед утаа гарах нүх сүв, хагаралт, цууралт байгаа эсэхийг шалгах, зуухны агаар өгөлт тохируулгатай бол хаагдах, нээгдэх нөхцөл хялбар байх, зуухны ширэмний хийц түлшний илчлэгт тохирсон байх, зуухны тоосгон хийц галд тэсвэртэй байх, зуухыг түлшээр хэт дүүргэхгүй байхыг анхааруулж байна.

Түлшийг хэт дүүргэх нь дулааны жигд бус тархалт бий болгож, угаартах аюултайг анхааруулж байна. Өдөрт нэгээс дээш удаа үнсний савыг цэвэрлэх, 1-2 галлагааны дараа зуухны бүхээгийг цэвэрлэж байх хэрэгтэй гэлээ.