Нийгэм

Өдийд утаанд дарагддаг Улаанбаатарт сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол багатай байна.  Гэхдээ янз бүрийн шалтгаанаас үүдэн иргэд угаартах тохиолдол гарсаар байгаа юм. Тийм учраас мэргэжлийн байгууллагаас иргэдэд дахин анхааруулга хүргүүллээ. Өрх бүрт зөвлөмж, заавар тараах ажлыг ч эхлүүлжээ. Ийм ажил хийгдэж байгаа ч иргэд өөрсдөөс шалтгаалах бэлтгэл хангаж зуух пийшингээ засварлахад багахан анхаарахыг уриаллаа. 

 

Шахмал түлшинд угаартсан гэх дуудлага мэдээлэл өчигдөр 17 бүртгэгджээ. Мэргэжлийн байгууллагаас газар дээр нь шуурхай арга хэмжээ авч, шалтгаан нөхцлийг нь тодруулан ажиллахад иргэд зааврын дагуу хэрэглээгүй байсан нь тогтоогджээ. Тиймээс иргэдийг шахмал түлштэй холбоотойгоор тараагдаж байгаа мэдээлэлтэй сайтар танилцах, мөн шөнө оройн цагаар яндангийн сойлтуурыг хаахгүй байхыг зөвлөж байна.

Гэр хорооллын айл өрхүүдийн 90 орчим хувьд шахмал түлштэй холбоотой тараах материал, зөвлөмжийг хүргүүлээд байна. Шахмал түлшний найрлага, хэрхэн хэрэглэх талаарх мэдээлэл зөвлөмжид орсон байна.

Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагуудаас шахмал түлштэй холбоотой мэдээллийг өдөр бүр өгөхөөр боллоо. Мөн цаашид хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө мэдээллийг айл өрхүүдэд тогтмол өгсөөр байх болно гэсэн юм. 

ФЭЙСБҮҮК ШУУД