Нийгэм

"Цахим орчны хүүхэд хамгаалал" форум зохион байгуулагдаж байна. Цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхэд, залуучуудыг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дээшлүүлэх үүднээс энэхүү форумыг зохион байгуулж байна.  

Эцэг эхийн хараа хяналт сул байдагаас үүдэж өсвөр насны хүүхдүүд цахим орчинд танихгүй хэн нэгэнтэй харилцах, уулзах, улмаар гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд гарсаар байна.  Зарим тохиолдолд найз, нөхөд нь ч гэмт хэргийн хохирогч болоход хүргэдэг. Тухайлбал 13 настай охины нүцгэн зургийг найз хөвгүүн нь утсаараа авч цахим хуудсанд нийтлэнэ хэмээн сүрдүүлж, мөнгө нэхсэн тохиолдол гарчээ. Охин энэ асуудлаар мэргэжлийн байгууллагад хандан, хууль эрх зүйн туслалцаа авсан байна.

Энэ бол цахим орчинд хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа олон тохиолдлын ердөө ганц жишээ. Хүүхэд, залуучуудыг энэ мэтчилэн цахим орчинд гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй гэдгийг хуульчид сануулж байна.

Хууль эрх зүйн орчин сул байгаа учир зарим тохиолдолд хүүхэд хохироод үлдэж байна. Иймд цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөхөөс хэрхэн хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, техник технологийн хөгжлийг ашиглаж гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах, ямар ажил зохион байгуулах вэ гэдэг дээр талууд уулзаж санал бодлоо солилцлоо.

Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран энэхүү форумыг зохион байгуулсан. Фэйсбүүк хаяг анх нээхэд утасны дугаар, хэрэглэгчийн мэдээллийг ашигладаг болох талаар оролцогчид санал бодлоо хэлж, хүүхэд, залуучуудыг хэрхэн хамгаалах талаар асуудлыг хөндсөн. Форумаас гарсан санаачилгыг цаашид холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллах юм.