Нийгэм

Манай улс 2030 он гэхэд хүн амын 90 хувийг баталгаатай ундны усны их үүсвэрээр хангах зорилт тавьсан. Нийслэл хотод төдийгүй хөдөө орон нутагт баталгаат ундны усны чанар, стандарт хангалтгүй байгаагийн зэрэгцээ, ариун цэврийн суурин байгууламжийн үйлчилгээ, хүртээмж асуудал  дагуулж байгаа. Хамгийн ойрын жишээ гэвэл “Sunshine  хотхоны иргэд уснаас болж хордсон асуудлыг хэлж болох юм.  Ус, Ариун цэврийн хүртээмж, өнөөгийн байдал, туламдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр өнөөдөр  “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” үндэсний зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэлж байна.

Нийслэл  хот ундны усны хэрэглээгээ 7 их үүсвэрээс хангадаг. Энэ 7 их үүсвэрээс хотын хэмжээнд 600 орчим ус түгээх байгууламж усаа татаж, гэр хорооллын өрхүүдэд шууд түгээдэг байна.  Үндэсний статистикийн газраас гаргасан дүн мэдээгээр 2018 онд баталгаат ундны усны эх үүсвэрээс хангагдаж буй хүн ам нь нийт хүн амын 87 орчим хувийг эзэлж байна гэжээ. Гэвч дөнгөж нийт хүн амын 22 хувь нь орон сууц болон хашаа байшин зэрэг нь төвлөрсөн ус хангамжийн шугам хоолойд холбогдсон, хэрэгцээндээ үедээ усаа авч хэрэглэх боломжтой байгаа юм . Энэ үзүүлэлтийг 2020 гэхэд 27 хувьд хүргэх, 25 онд 50 хувьд хүргэх зорилт тавьсан байна.

Түүнчлэн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж эрүүл ахуйн нөхцлөөр бүх нийтээрээ эрх тэгш хангагдаж, задгай бие засах байдлыг таслан зогсоох хэрэгцээ шаардлага бий гэдгийг уулзалтад оролцогчид хөндөж байлаа. Мөн хөдөө орон нутгийн хувьд ундны усанд агуулагдаж байгаа элемент нь эрүүл мэндэд нөлөө үзүүлж байгааг хэллээ.

Түүнчлэн баталгаат ундны усны үйлчилгээ, үнэ тариф, хүртээмжийн асуудал хот, сум суурин газар харилцан адилгүй байгаа нь энэ чиглэлийн мэргэжлийн байгуулага хүрч ажиллаж чадахгүй байгааг харуулж байна гэдгийг төлөөлөгчид хэлсэн. Тиймээс цаашид Улсын хэмжээнд ундны усны  аюулгүй  байдал, ариун цэврийн суурин байгууламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн байгууллагын тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. Хот хөдөөгийн 80 гаруй төлөөлөгчид оролцож байгаа Үндэсний зөвлөлдөх уулзалт өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжилнэ.