NISSAN КОМПАНИЙГ ТЭРГҮҮНИЙГ ОРГОН ЗУГТАХАД ТУСАЛСАН АМЕРИКИЙН ХОЁР ИРГЭНИЙГ ЯПОНД ШҮҮЖЭЭ

Үйл явдал

Америкийн нэр бүхий хоёр иргэн Японы Nissan компанийн экс тэргүүн Карлос Гоныг хууль хүчний байгууллагаас оргон зугтахад нь тусалж, энэхүү ажиллагааг зохион байгуулснаа хүлээжээ. Тэдний зохион байгуулсан хэрэгтэй холбоотой шүүх хурал даваа гарагт Японы нийслэл Токио хотноо болжээ.

Токиод болсон анхан шатны шүүх хурлын үеэр Америкийн тусгай албаны алба хаагч байсан Майкл Тейлор болон түүний хүү Питер нар Nissan компанийн экс тэргүүн Карлос Гоныг оргон зайлах үйл явцыг зохион байгуулснаа хүлээжээ. Тэдний мэдүүлснээр Гоны эхнэрийн хүсэлтээр Nissan компанийн топ-менежерт тусалсан байна. Их хэмжээний хөрөнгө мөнгө шамшигдуулсан, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдсан Nissan-Митцубиши компанийн нэгдэл Реногийн экс тэргүүн Карлос Гонд тусалсныхаа төлөө тэд 1,3 сая долларын шан харамж авсан байна.

Гоныг оргуулсан хэргийн сэжигтнүүдийг өнгөрсөн 3-р сард Америкаас Японы шүүх байгууллагад шилжүүлсэн юм. 60 настай Майкл Тейлор, түүний хүү 28 настай Питер нар Японд түр саатуулагдан, хууль хүчний хяналтад байсан Карлос Гоныг 2019 онд Токиогийн Минато дүүргээс эхлээд Осака муж руу, дараа нь Кансай нисэх буудлаар дамжуулан хувийн онгоцоор Турк руу оргон зугтахад нь тусалжээ.  Улмаар Гон Туркээс Ливан улс руу зугтсан юм.