Нийгэм

Улаанбаатар Налайх чиглэлийн автозамын хөдөлгөөн өнөөдрөөс нээгдлээ. Иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд төлөвлөсөн хугацаанаас гурав хоног хоцорсон байна. Дөрвөн эгнээтэй болж өргөжсөн энэ замыг “хөгжлийн зам” гэж хотын дарга тодорхойллоо. Горхи Тэрэлж, Цонжин болдогоос эхлээд Хэнтийгээс цааш зүүн аймгууд руу гарах гол автозам болж байгааг онцолж байна.

Зам барилгын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 38 байршилд ус зайлуулах хоолой, гурван байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 метр урт гүүр, таван байршилд явган хүний гарц  зэргийг хийжээ.  Замын зузааны хувьд 15 сантиметрээр бэхжүүлсэн суурь,  15 сантиметр бэхжүүлсэн суурь дээр нэмж 15 сантиметр буталсан чулуун суурь зэргийг хийжээ. Ингэснээр 30 сантиметрийн суурин дээр 6 сантиметр асфальт 4 сантиметр өнгөт асфальт дэвссэнээр 40 сантиметрийн зузаантай болсон байна. Ингэснээр замын насжилт уртасна гэж төслийн багийнхан үзэж байна. Зам барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцаж нээхээр Ерөнхий сайд Хүрэлсүх, Зам тээврийн сайд Энх-Амгалан, хотын дарга Амарсайхан, төслийн гардан гүйцэтгэгч Отгонсүх, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хаймин болон албаныхан ирсэн юм.

Налайхын хуучин хоёр эгнээтэй зам дээр осол аваар их гардаг байсан. Жилдээ 18 орчим хүн амиа алдаж 100 орчим хүн гэмтэж бэртдэг гэсэн статистик мэдээ байдаг юм. Тиймээс иргэдийг хөдөлгөөний хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг албаныхан сануулсан.  Шинэчлэгдэн баригдсан зам хурдны зам биш гэдгийг онцгойлон анхаарууллаа.

Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд уг замын барилгын ажлыг 36 сая долларын хөрөнгөөр барьжээ.  Уг зам ашиглалтад орсноор зүүн бүсийн хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс гадна олон давуу тал үүснэ гэдгийг хотын дарга хэллээ.

Замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Синохайдро корпорэйшн лимитед, туслан гүйцэтгэгчээр Дардан говь, Тэгш плант, Гашууны гол зэрэг дотоодын аж ахуйн нэгжүүд ажиллажээ. Төслийн хүрээнд зорчих хэсгийн өргөн 16 метр, хөвөөтэй нийлээд 26 метрийн өргөнтэй 20.9 км авто зам ийнхүү өнөөдрөөс нээгдлээ. 300 орчим гэрлийн шон, 5 км тутамд явган хүний гарц 3 км тутамд буцаж эргэх эргэлтийн хэсгийг байгуулсан байна. Цаашид дугуйн зам, явган хүний зам зэргийг хийж хөвөө хашлага нэмэх ажлууд хийгдсэнээр 2020 оны 7 сарын 1-нд Налайхын замын ажил 100 хувь дуусах юм.

ФЭЙСБҮҮК ШУУД