Нийгэм

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Туулын задгайд нийт 50 гаруй өрх 250 орчим хүн амтайгаар Туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй бүсэд оршин суудаг. Эдгээр айл өрхүүдийн дийлэнх олонх нь хууль бусаар суурьшсан барилгын хог, дайрга шороо асган тэгшилж, буусан хавар, зуны улиралд үерийн аюултай нөхцөлд амьдардаг байна.

Туулын задгайд үерийн ус зайлуулах шугам, хоолой байдаг ч ус урссан үед аюултай нөхцөл байдал үүсдэг. Жилийн жилд ордог борооноор хог, лаг шавар тунаж, ус зайлуулах хоолойны бараг талыг нь бөглөчихнө. Эдгээр зөвшөөрөлгүй буусан айлуудыг аюултай бүсээс нүүлгээд өөр газарт шилжүүлэх боломж, нөхцөл одоогоор байхгүй, олон жил оршин суусан учраас газрын зөвшөөрлийг авах хүсэлтэй байгаагаа иргэд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд уламжилжээ.

Иймд дүүргийн Засаг дарга голын дагуу зөвшөөрөлгүй буусан айлуудын төлөөлөлд хандан та бүгдийн эд хөрөнгө, амь нас эрсдэлд орж болзошгүй тухайг анхааруулж, голын ай сав дагуу газар эзэмших боломжгүй гээд, цаашид айл өрхүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллах тухай холбогдох албаныханд үүрэг чиглэл өгчээ.   

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар