Нийгэм

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас энэ онд хийж хэрэгжүүлсэн зарим ажлын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Улаанбаатар хотод автомашины зогсоол хангалтгүй байдаг гэдгийг иргэд шүүмжилдэг. Тиймээс энэ онд авто зогсоолын тоог нэмэгдүүлж, газар зохион байгуулалтыг хийсэн гэдгийг хэллээ.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Үүнийг дагаад нийслэлийн иргэдийн өмнө хэд хэдэн хүндрэлтэй асуудал үүсээд байгаа юм. Тухайлбал авто зогсоолын хүрэлцээ. Тиймээс нийслэлээс авто зогсоолын газруудыг нэмэгдүүлхэд хот төлөвлөлтийн газраас анхаарч, энэ онд нийт 7.2 га талбайд авто зогсоол барихаар төлөвлөжээ.

Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, иргэд амарч зугаалах газрыг нэмэгдүүлэх үүднээс нийслэлээс ихээхэн анхаарч ажиллаж байна. Энэ ч үүднээс Улаанбаатар хотын хэд хэдэн бүсэд цэцэрлэгт хүрээлэн барихаар болсон. Мөн 19 га талбайд спорт талбай барихаар төлөвлөжээ.

Тохижилтын ажлууд ихэвчлэн түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр богино хугацаанд хийгддэг. Тиймээс зарим ажлууд удаашрах, гүйцэтгэл дутуу байхзэрэг хүндрэл гарч байна гэдгийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас мэдээллээ.