Афганистанд алан хядлага, терроризмын аюул заналхийлэл газар авч байна

Улс төр

Афганистанд өдрөөс өдөрт дотоодын хямрал хүчирхийлэл гаарч байна. АНУ, Афганистанаас цэрэг дайчдаа гаргасны дараагаар Талибаны зэвсэгт бүлэглэл хүчээ авч, улсынхаа стратегийн гол байрлалуудыг хяналтандаа авахаар засгийн газрын хүчний эсрэг тэмцэж эхэлсэн юм. 

Өнөөдөр Талибаны зэвсэгт дайчид улсынхаа ХАА-н бүс нутгийн 80 гаруй хувийг хяналтандаа авч булаан эзлэхийн зэрэгцээ мөн томоохон хотууд руу дайралтаа үргэлжлүүлж байна. 

Афганистанд ийнхүү дотоодын нөхцөл байдал хүндэрч, хямрал хүчирхийлэл гаарсныг АНУ, энэ улсаас цэрэг дайчдаа гэнэт гаргасантай холбоотой гэж эрх баригчид нь үзэж байна. Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани Вашингтоны гэнэтийн шийдвэр, гэнэтийн арга алхмаас шалтгаалан энэ улсад дотоодын хямрал зөрчил гаарч, хүчирхийлэл газар аван, аюулгүй тогтвортой байдал алдагдсан гэж үзэж байна. Хэдийгээр Кабулын эрх баригчид Вашингтоны шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа ч гэнэтийн шийдвэр, гэнэтийн нөхцөл байдлын хор уршиг их байгааг тэмдэглэж байна. Гани ийнхүү мэдэгдэхдээ улс оронд нь өнөөдөр алан хядлага, терроризмын аюул заналхийлэл газар авч, Талибаны бүлэглэл урьд урьдынхаас илүү хүчирхэгжин, тэд зорьсондоо хүрэхийн тулд хэнийг ч хайрлалгүй цуст тэмцэл явуулж байна гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн 4-р сарын 14-нд Афганистан дахь цэргийн ажиллагаагаа дуусгавар болгох шийдвэр гаргаж, удалгүй энэ улсаас цэргийн хүчнээ гаргасан юм. Үүний дараагаар Талибаны бүлэглэл байрлалаа ахиулан дайн тулаан хийсээр улсынхаа газар нутгийн дийлэнх хэсгийг хяналтандаа оруулаад байна. Өнөөдөр Талибаны зэвсэгт дайчид Афганистаны Герат, Кандагар, Лашкаргах зэрэг томоохон хотуудыг булаан эзлэхээр тулалдаж байна.