Цагдаагийн байгууллага ногоо худалдаалж байгаа иргэдэд арга хэмжээ аваагүй гэлээ

Эрх зүй

Шинэ ургацын ногоо худалдаалж буй иргэдийг цагдаагийн байгууллагаас хөөх, худалдаа эрхлэх боломжийг хааж байгаа талаар өчигдөр цахим сүлжээнд мэдээлэл гарсан. Иргэдийн дургүйцлийг хүргэсэн дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар өглөө.

Тодруулбал “Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 1000 автомашины зогсоол нь ногоо худалдаалах зөвшөөрөгдсөн цэг байсан. Үүнд Улаанбаатар төмөр замын нэгдлээс зохих зөвшөөрлийг өгөөгүй байсны улмаас Улаанбаатар төмөр зам ХХК-ийн хамгаалалтын алба болон ногоочдын хооронд маргаан үүссэн. Үүссэн нөхцөл байдалд цагдаагийн байгууллага очиж зохицуулалтын арга хэмжээ авч, Улаанбаатар хотын ЗАА болон Баянгол дүүргийн холбогдох албаны мэргэжилтнүүд очиж энэхүү асуудалд шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар тус цэгт 110 ногоочид худалдаа эрхэлж байна.

Мөн иргэдээс зохих зөвшөөрөлгүй худалдаа наймаа эрхэлж байгаа гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирдэг. Үүний дагуу цагдаагийн байгууллага очиж, шалгаад хуулийн дагуу шаардлага тавьж байгаа. Ногоочид зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулж байхад цагдаагийн байгууллагаас ямар нэгэн саад учруулсан зүйл байхгүй.

Харин хууль бусаар зөвшөөрөгдөөгүй цэгүүдэд ногоо худалдаалбал Зөрчлийн тухай хуулийн дагуу шаардлага тавьж, санамж сэрэмжлүүлгийг өгөх болно. Цагдаагийн байгууллагаас ногоочдод арга хэмжээ авсан тохиолдол байхгүй"

гэлээ.