Нийгэм

Нийслэл Улаанбаатар хотод 310 мянга гаруй нүхэн жорлон байна. Хөрс, агаарын бохирдол, ханиад томуу үүсгэх гол эх үүсвэр эндээс эхтэйг мэргэжилтнүүд онцолдог. Гэвч нэг өдөр бүх айлыг орон сууцаар хангах боломжгүй. Гэхдээ модон жорлонг эко болгон хувиргаж эрүүл мэндээ хамгаалах арга байж болохыг ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ аяныхан хэлж байна.

Нийслэлийн хэмжээнд 310 гаруй мянган нүхэн жорлон байдаг байна. Эдгээр нь нийт хөрсний 88 хувийг бохирдуулжээ. Тухайлбал, Дэнжийн мянгад байрлах гүний худгийн уснаас нитрат ундны усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их буюу 1000мг илэрсэн байна. Үүнээс шалтгаалан гэдэсний элдэв төрлийн халдварт өвчин, хорт хавдар зэрэг олон төрлийн өвчин үүсэх эрсдэл байгааг төслийн багийнхан онцолж байна.

2017 оноос эхлүүлсэн “Жорлонгоо өөрчилье” төслийн хүрээнд нийслэлд болоод хөдөө орон нутгийн иргэд аж ахуйн нэгжийг сургалтад хамруулсан байна. Энэхүү төсөлтэй зэрэгцэн АХБ болон БОАЖЯ хамтран 2 дүүргийн 3 хороонд 1500 ширхэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг барьсан байдаг. Улаанбаатар хотын хувьд жорлонгоо сайжруулж, эрүүл мэнддээ анхаарах цаг хэдийнэ эхэлснийг хөрсний бохирдол хэмжээ харуулж байна гэж төслийн багийнхан онцолж байна.