Нийгэм

Энэ сарын 26-28-ны өдрүүдэд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлагыг Яаралтай түргэн тусламжийн төвд 18 өрхийн 40 иргэн өгч, эмнэлгийн тусламж, зөвлөгөө авсан байна. Одоогоор угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүйг албаынхан мэдээлж байна.

Угаарын хийнд хордсон иргэдийн дуудлага мэдээлэл аравдугаар сарын эхний байдалтай харьцуулахад эрс багассан байна. Эмнэлэгт хандсан иргэдийн хувьд яндангийн цоонолт, хавхлагаа хаасан, пийшин зуухны битүүмжлэл муу зэргээс болж угаартсаныг мэргэжлийн байгууллагаас тогтоожээ. Иймд иргэдийг галлагааны зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Нийслэлийн Онцгой комиссын дарга, хотын захирагч С.Амарсайхан хүйтний эрч чангарч галлагааны үе эхэлсэнтэй холбогдуулан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлтэд анхаарал хандуулж, алслагдмал хороодуудад түлшийг хүргэлтээр хүргэх үүрэг даалгаврыг өгсөн байна. Уг үүрэг даалгаврын хүрээнд сайжруулсан түлш тасарсан цэгүүдийн мэдээллийг иргэд нийслэлийн мэдээ пэйж хуудсанд илгээх боломжтой юм байна.

Агаарын чанартай мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар буурсан, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 50 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Мөн шөнийн цахилгааныг тэглэсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд объектын гал түймрийн дуудлага ихэссэн байна. Аж ахуйн нэгж байгууллагууд цахилгааны ачааллыг хэтрүүлж, шаардлага хангахгүй кабелийн утас хэрэглэж байгаагаас үүдэж, гал түймэрт өртөж байгааг албаныхан сэрэмжлүүллээ.