Нийгэм

“Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Монголд үйлдвэрлэсэн “МОН-30” маркийн хоёр ширхэг цахилгаан автобусыг нийслэлийн Тээвэр үйлчилгээний газраас хүлээлгэсэн өгсөн. Нийт тэрбум орчим төгрөгийн өртөгөөр худалдан авсан дээрх хоёр цахилгаан автобусыг тээврийн үйлчилгээнд зориудаар гаргахгүй байгаа тухай ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. 

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30” цахилгаан автобусыг нийслэлийн Тээвэр үйлчилгээний газрын бүртгэлийн санд оруулах дүгнэлт гаргуулахаар техникийн үзлэг хийхэд нийтийн тээврийн MNS 5012:2011 улсын стандартыг хангахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Техникийн шалгалтаар “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 улсын стандарт, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 стандартын 5.9-д заасан, 7.2-т заасан шаардлагыг тус тус хангаагүй байна.

Дээрх стандартыг хангасан тохиолдолд үйлчилгээнд гаргах боломжтой гэдгийг “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон хэллээ. Тэрээр “Өнөөдөр Монгол инженерүүдийн хийсэн автобусыг зохион байгуулалтайгаар үйлчилгээнд гаргахгүй байгаа мэтээр олон нийтэд мэдээлсэн. Гэвч техник нөхцөлийн хувьд улсын стандарт хангахгүй байгаа учраас бидний зүгээс стандартыг хангаж өгөхийг үйлдвэрлэгч нарт албан ёсоор тавьсан байгаа.  Бодит байдал дээр нийтийн тээврийн шаардлагыг хангаж байна уу гэдгийг  харуулахын тулд өнөөдрийн туршилтыг хийж байгаа болохоос харьцуулсан зүйл байхгүй. Бидний зүгээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс