Афганистаны дүрвэгсэд Пакистан рүү дүрвэн зугтаж байна

Үйл явдал

Талибаны дэглэмээс зугтан, эх орноосоо дүрвэж байгаа Афганистаны иргэд хөрш зэргэлдээх Пакистан улс руу олноороо зугтаж байна. Аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор зугтаж байгаа иргэд боломжтой бүхий л газар орон луу, тэр дундаа хөрш улс орнууд руу хэдэн зуугаараа дүрвэн гарч байна.

Зөвхөн Америкийн цэргийн онгоцоор Кабулаас 60 мянган иргэн гадагшаа дүрвэсэн талаар даваа гарагт Цагаан ордон мэдээлсэн юм. Эх орноосоо дүрвэж байгаа Афганистаны иргэд Пакистанд олноороо очиж, эндээс цааш Барууны улс орнууд руу дамжин цагаачлах хүсэлтэй байна.

Талибаны бүлэглэл Кабулын нисэх буудлаас гадны улс орнууд руу хийж байгаа нүүлгэн шилжүүлэлтээр Афганистаны иргэдийг гаргах үйл явцыг 8-р сарын 31-ээр тасалбар болгон, улмаар харуул хамгаалалтаа чангатгаж, зөвхөн гадны улс орны иргэдийг л нэвтрүлэх болно гэдгээ мэдэгдсэн. Тиймээс ойрын өдрүүдэд Кабулаас хөөрөх онгоцны тоо эрс нэмэгдэж, Америк тэргүүтэй Холбоотны хүчин, Барууны улс орнуудтай хамтран ажиллаж байсан Афганистаны иргэд, тэдний гэр бүлийг нүүлгэн шилжүүлэх үйл явц түргэссэн байна. Мягмар гарагт л гэхэд Кабулын нисэх буудалд гадны янз бүрийн улс орны 57 онгоц газардаж, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцож байгаа юм.