Нийгэм

Бага насны гурван хүүхдээ төөрүүлсэн хэргийн талаар манай телевиз сурвалжлан мэдээлэл хүргэсэн. Хуулийн байгууллага хүүхдүүдийг хамгаалалтад авч, ээжид нь хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Манай улсад ийм хэргийг хэрхэн зохицуулдаг, хүүхдийн байгууллагууд яагаад нэг ч үг дугарахгүй байгаа, мөн хүүхдүүдийн хувь заяа хэрхсэнийг эргэн сурвалжиллаа.

Гурван настай Аззаяа гэх охины аав, ээж гэх хүмүүс архинаас хамааралтай,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  харъяа хүмүүс гэдгийг бид өнөөдөр БЗД-ийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнээс тодрууллаа. Эцэг эх нь хүүхдээ хоол ундгүй, танихгүй айлд 'дэлгүүр ороод ирье' гэж хэлээд, удаа дараа орхидог байсан тухай мөн ярьж байна. Харин өнгөрсөн 11-р сарын 26-ны өдөр мөн л танихгүй айлд  'дэлгүүр ороод ирье' гэж хэлээд хүүхдүүдээ үлдээсэн байна. Энэ явдлаас хойш яг 7 хоног өнгөрч байхад  хүүхдүүдийн эцэг эх гэх хүмүүс өнөөдрийг болтол холбоо бариагүй, бүртгэлтэй утасны дугаар нь холбогдохгүй байгаа учир  холбогдох цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилах ажлыг үргэлжлүүлж байна гэлээ.

Хэрэв Аззаяа охины эцэг эх  гэх хүмүүс олдсон тохиолдолд удаа дараа санаатайгаар хүүхдээ төөрүүлсэн, орхисон, тэднийг эрсдэлтэй байдалд оруулсан гэх үндэслэлээр эцэг, эх байх эрхийг хасч, хүүхдүүдийг улсын асрамжинд авахаар болсон байна. Монгол улсын хэмжээнд хүүхэд хамгааллын, эрхийн чиглэлээр ажиллаж байгаа олон байгууллагууд бий. Гэхдээ энэ мэт бодит нөхцөл байдал үүсэхэд хүүхэд хамгааллын чиглэлээр тэдний төлөө дуугарах нэг нь олдохгүй байгааг ганцхан энэ жишээн дээрээс харж болно. Өнөөдөр эцэг эхдээ хаягдаж, гологдож байгаа бидний хойч үе, ирээдүйд ямар нийгмийг бүтээх нь бас л эргэлзээтэй. Зөвхөн БЗД-т гэхэд яг ийм бодит кейс тохиолдлууд гэхэд 200 орчим бүртгэлтэй байгааг дүүргийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн хэллээ. Энэ бол зөвхөн ганцхан дүүргийн хэмжээнд бүртгэлтэй байгаа тоо.

Төрийн анхан шатны нэгж баг, хороо, сумдад хүртэл өнөөдрийг хүртэл хүүхэд хамгааллын мэргэжилтэн байхгүй байгаа нь энэ мэт эрсдэлд бяцхан иргэдийг оруулж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Аззаяа охины хувьд улсын хүүхэд асрах төв сувилалд хүргэгдэж,  эмчилгээ хийлгэж эхэлжээ. Ойролцоогоор зургаан сараас нэг жилийн хугаанд эмчилгээ хийлгэнэ гэлээ. Гэхдээ энэ бол бие махбодийн эмчилгээ. Сэтгэл зүйн нь эмчилгээг  яах вэ. Харин бага насны хүүхдээ орхиж, үл хайхарсан эцэг эхэд, эцэг эх байх эрхийг нь хасах, торгохоос өөр зохицуулалт хуулинд байхгүй гэдгийг хэлж байна.

Тиймээс цаашид бид гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа, хариуцлагагүй эцэг эхийн буруугаас хохирогч болж байгаа бяцхан иргэдээ хамгаалах хууль эрх зүйн орчинг тодорхой болгож, хүүхэд хамгааллын үйлчилгээг цогцоор нь бодитоор харж хуулинд тусгах шаардлагатай байна гэлээ.