Нийгэм

Өвлийн идэш" махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс нийслэл хотод эхэлж байна. Ямар нэгэн шат дамжлаггүйгээр малчдын гар дээрээс хамгийн хямд үнээр, амт, чанар сайтай махыг нийслэлчүүд худалдан авах боломжтой юм. Тухайлбал өргөтгөсөн худалдаагаар нэг кг хонины мах 6000 төгрөг,  үхрийн мах 7500 төгрөгийн ханштай байна. Яармаг дахь Сансар худалдааны төвийн гаднах талбайд болж буй өргөтгөсөн худалдаанд 18 аймгийн малчид оролцохоор иржээ. 

Махны өргөтгөсөн худалдаа Төв, Дундговь, Өмнөговь, Булган зэрэг таван аймгийн малчид нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдэд хамгийн хямд үнээр махаа худалдаалж байна. Хонь, үхэр, адууны мах нэг кг нь 6000-7500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа бол хонины цувдаа, толгойтойгоо хамт 5000 төгрөгөөр зарагдаж байна.  

Малчдын хувьд нийслэлийн иргэдэд махаа ченжийн гар дамжуулалгүй шууд худалдаалах сонирхол их байдаг тухай ярилаа. Гэсэн ч тэр бүр боломж бүрддэггүй. Харин өвлийн идэшний цаг бэлтгэх энэ цаг үеээр махны өргөтгөсөн худалдаа арга хэмжээг зохион байгуулж байгаа нь малчдад төдийгүй нийслэлчүүдэд цаг үеэ олсон, арга хэмжээ боллоо гэдгийг хэлж байна. Махны өргөтгөсөн худалдаанд зарагдаж байгаа мах нь зах зээлийн ханшнаас даруй 1000-1500 төгрөгөөс хямд байгааг худалдан авагчид хэлж байна.

Сайны хажуугаар саар гэгчээр махаа хямд үнээр худалдан борлуулах таатай боломж малчдад гарч байгаа ч цаана нь малын тэр дундаа хонины нэхий үнэгүйдсэн байгаа асуудлыг малчид хөндлөө.

Малын гаралтай түүхий эдийг хог болгон хаях биш, боловсруулаад зах зээлд нийлүүлдэг болох гарцыг эрэлхийлэх хэрэгтэйг малчид ярьж байлаа. Өвлийн идэш махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс 5 хоног үргэлжилнэ.