АНУ-ын сайн дурын байгууллагынхан Афганистаны дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна

Үйл явдал

Афганистанаас зугтан АНУ-д ирсэн энэ улсын дүрвэгсдэд сайн дурын бүлгийнхэн тусламж дэмжлэг үзүүлж байна. Талибаны дэглэмээс зугтан Америкт ирсэн Афганистаны иргэдэд туслахаар Виржини мужийн мусульман гаралтай иргэдийн төрийн бус байгууллагынхан нэгджээ.

Сайн дурын байгууллагын ажилтнууд цуглан дүрвэгсдэд зориулан хүнсний зүйлс бүхий тусламжийн хайрцаг цуглуулсан байна. Энэхүү хайрцганд хоол хүнсний зүйлс, гоймон, эм тариа, хүүхдийн тоглоом зэргийг хийжээ.

Түүнчлэн хүмүүнлэгийн байгууллагад оройн хоолны 300 мянган захиалга ирсэн талаар албаны төлөөлөгч нь мэдэгдсэн байна.

Сайн дурын бүлгийнхэн ойрын 6 сарын хугацаанд ийм байдлаар ажиллаж, дүрвэгсдэд тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Афганистаны засгийн эрхийг Талибаны бүлэглэл эзэлснээс хойш энэ улсаас 23 мянган иргэн АНУ-д иржээ.

Одоогоор тэднийг Америкийн цэргийн баазуудад түр байлгаж байгаа ч цаашдаа цагаачлалын албаныхан дүрвэгсдийн асуудлыг хэрхэхийг шийдэх юм.