Намууд

Энэ өдрүүдэд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр “Лиш” форум зохион байгууллаа. Тус форумд эмэгтэйчүүдийн 1000 гаруй төлөөлөл оролцож тулгамдсан асуудлаа хэлэлцсэн байна. Ялангуяа улс төр, нийгэм эдийн засаг, хууль тогтоох үйл ажиллагаанд эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал зэргийг хөндсөн байна.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Лиш форумыг зохион байгуулж байна. Ардчилсан хувьсгалын эхний хэсэгт эмгэтэйчүүдийн үүрэг оролцоо хаалттай байсан. Өнөө үед бол эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо чухал байгаа нь практикт харагдаж байгааг эмэгтэйчүүдийн төлөөлөл онцолж байна. Цаашид эмэгтэйчүүд улс төр, нийгэм, эдийн засгийн салбар чиглэлд хэрхэн оролцоогоо нэмэгдүүлэх зэрэг асуудлыг өргөн хүрээнд хөндөн хэлэлцэж байна.

Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хороонд 30 эмэгтэй байсан бол одоо үндэсний бодлогын хорооны 400 гаруй гишүүний тэн хагас нь эмэгтэйчүүд байгаа нь эмэгтэйчүүдийн үүрэг роль нэмэгдэж байгааг харуулж байна гэж холбооны зүгээс онцоллоо. Ардчилалд гаргасан алдааг эмэгтэйчүүд засч залруулахад, уян хатан бодлого боловсруулахад эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал гэдгийг чуулганы төлөөллүүд хэлж байна.

“Лиш” форумын үеэр 21 аймгийн төлөөлөл болсон үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ үзэсгэлэн гаргасан байлаа.