Нийгэм

Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн 24-р цэцэрлэгийг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг гурван ч удаа гаргаж байсан. Дээвэрт их засвар яаралтай хийх хэрэгтэй зэрэг хүндхэн нөхцөлд хүүхдүүд хүмүүжиж байсан цаг саяхан. Харин өнөөдөр орчин үеийн технологийн дагуу баригдсан барилгад хүүхдүүд сурч хүмүүжих боломжтой боллоо. Шинэ цэцэрлэг нээлтээ хийснээр дүүргийн 10, 11, 12-р хорооны 300 гаруй хүүхэд сурч хүмүүжих боломжтой болсон юм.

24-р цэцэрлэг нь манай улсын ууган цэцэрлэгүүдийн нэг. Анх 1954 онд байгуулагдаж байсан тус цэцэрлэгийн өмнөх барилгад мэргэжлийн байгууллагаас хүүхэд сурч хүмүүжихэд эрсдэлтэй гэж гурван удаа дүгнэлт гаргаж байжээ. Ингээд 2018 онд барилгыг нураан, шинэ цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан юм. Харин өнөөдөр цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил дуусан, нээлтээ хийлээ.

Шинэ цэцэрлэг нээлтээ хийснээр хүүхдүүд тав тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байна. Үүнээс гадна хүүхдийн тоо ч нэмэгдэх юм. Тухайлбал 2019-2020 оны хичээлийн жилд 360 гаруй хүүхдийг хүлээн авчээ.

Барилгын нийт төсөвт өртөг нь 2.2 тэрбум төгрөг юм.  Барилгын гүйцэтгэгч компаниар Сан-Эрчим ХХК.