Нийгэм

Ерөнхий боловсролын хоёр сургууль байраа булаацалдаад бүтэн жил өнгөрч байна. Монгол тэмүүлэл болон 133 сургууль нэг байранд хуваагдан хичээллэдэг. Гэтэл сургуулийн анги танхим хүрэлцэхээ байж аль нэг нь гарах шаардлагатай болжээ. Хүүхдүүдийн суралцах орчин яригдаж байгаа маргаан сургуулийн захиргаанаас хальж эцэг эхчүүдийн дунд ч үйл ойлголцох байдал үүсчээ. Тэгвэл 133-р сургуулийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Удаан үргэлжилж байгаа энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүссэн байна.

 

"Монгол тэмүүлэл" лаборатори сургууль болон 133 дугаар сургуулийн байртай холбоотой асуудал жил тойрон маргаантай байгаа юм. "Монгол тэмүүлэл" сургууль нь лаборатори сургууль учраас цөөхөн хүүхэдтэй. Тиймээс байраа суллаж өгөхийг 133 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс шаардлаа. Монгол тэмүүлэл сургуулийг сургуулийн шинэ байраа баригдтал ХҮИС-ийн нэгдүгээр байранд үйл ажиллагаагаа явуулах шийдвэрийг холбогдох албаныхан гаргаж байсан байна. ХҮИС-ийн байрны засвар дуусч хичээл явуулахад бэлэн болсон ч Монгол тэмүүлэл сургууль байрнаасаа нүүхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

БЗД-ийн 26 дугаар хороонд сургуулийн насны 5600 хүүхэд байдаг. Үүнээс дөнгөж 1600 хүүхэд нь Үндсэн хуулиар олгогдсон ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох эрхийг эдэлж байгаа. Бусад нь Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Гэвч дээрх 1600 хүүхэд Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэхдээ маш хүнд нөхцөлд дөрвөн ээлжээр бага цагаар хичээллэж байгаа нөхцөл байдалд сурч байна. Манай хороонд баригдсан ганц сургуулийн барилгыг хууль бусаар “Монгол Тэмүүлэл” сургуульд эзэмшүүлсэн гэж эцэг эхийн зөвлөлөөс үзэж байна. 133 дугаар сургуулийн сурагчид дөрвөн ээлжээр хичээллэж байгаа тухай ч эцэг эхийн зөвлөлөөс хэлж байна.