Нийгэм

Улаанбаатар хот сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлээд 3 сар орчим болж байна. Нүдэнд үл харагдах угаарын хийнд иргэд хордох тохиолдол олон гарсан учраас өрх бүрт угаарын хий мэдрэгч суурилуулахаар болсон юм. Энэ ажлыг гүйцэтгэх хүмүүсийг ч сургаж дууссан байна. Гэхдээ энэ сарын 10-наас суулгаж эхлэхээр төлөвлөсөн ажил дахин долоо хоногоор хойшилжээ.

Эхний ээлжийн 20 мянган утаа мэдрэгч маргааш буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр ирнэ. Ирсэн даруйд гэр хорооллын эмзэг бүлгийн айл өрхөд эхний ээлжинд таарна гэлээ. Дараагийн ээлжийн 60 мянган утаа мэдрэгч дараагийн 7 хоногт ирснээр нийт 80 мянган гэр хорооллын өрхөд  энэ сардаа багтаж утаа мэдрэгч суурилагдана гэлээ. Хятад улсад үйлдвэрлэгдсэн тухайн утаа мэдрэгчийн чанар стандартын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Евро стандартаар хийгдсэн гэдгийг онцолж байна.

Харин сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт хангалтгүй байгаа талаар иргэдээс гомдол тасралтгүй ирж байгаа. Иргэдийн гомдлын дагуу мэргэжлийн байгууллагаас хяналт, шалгалтыг газар байдал дээр нь хийхэд түлш борлуулах цэгт түлш дууслаа гэх мэдээлэл хэзээ дуусна тухай бүрт нь Таван толгой түлш компаниас нийлүүлэлт хийж байгаа гэсэн тайлбар өгчээ. Түүнчлэн сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт зэрэг хяналт шалгалтаар ажиллаж байгаа  хөдөлгөөнт эргүүлийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах хугацааг сунгаж энэ оны 4 сарын 1 хүртэл  болгожээ.

Харин агаарын чанарын асуудалд ахиц гарсан гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна. Хатуу төлөвт тоосонцорын хэмжээ багассан, Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарын түвшин бага бохирдолтой  байна гэлээ. Цаашид сайжруулсан түлшний хяналт шалгалт үргэлжилнэ. Зөрчил гаргасан байгууллага аж ахуй нэгжүүдэд зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэв. Харин угаар мэдрэгчтэй холбоотой зохион байгуулалтын асуудал бүрэн шийдэгдсэн гэлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД