Сүүлийн таван жилийн хугацаанд гал түймрийн улмаас 134 хүн амиа алджээ

Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 2016-2021 онд  12.378 объектын гал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөн, амиа алдсан байна.

Мөн 100 том хүн, 28 хүүхэд гал түймрийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, түлэгджээ. НОБГ-ын алба хаагчид 4894 иргэний амийг авран хамгаалж, байгууллага, иргэний 20.6 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг галын аюулаас хамгаалсан гэх тооцоо гарчээ.

Өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн объектын гал түймрийн хамгийн өндөр хувь буюу 4772 тохиолдол  нь ил задгай гал, үнс нурам асгаснаас, тамхи, чүдэнзний цогоос үүдэлтэй. Үүний дараа яндангийн цонолт, цахилгаан угсралт, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гал түймрийн дуудлага бүртгэгдэж байна.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Объектын гал түймэр ихэвчлэн шөнө, үүрийн цагаар гардаг. Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногтоо 8-10 дуудлага ирж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 45 гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээр 2021 он гарснаас хойших хамгийн их дуудлагатай долоо хоног боллоо. Тус 45 дуудлагаас таван хүний эрдэнэт амь нас эрсэдсэн. Мөн угаарын хийн хордлогод өртөх эрсдэл ч өндөр байна. Иймд гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол, дуудлагын тоог бууруулах зорилгоор “Мартаж болохгүй” аяныг зарлалаа. Уг аяны хүрээнд гэр хорооллын бүсүүдээр хяналт, шалгалтыг зохион байгуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, зөвлөгөө бүхий дүрс, мэдээллийг хүргэж ажиллахаар төлөвлөж байна” гэлээ.