Нийгэм

Тайваны төлөөлөгчийн газраас жил бүр хүйтэн өвөлд "Илч дулаан бэлэглэе" аяныг зохион байгуулдаг. Энэ жил амьдралын боломж тааруухан, эмзэг бүлгийн айл өрхүүдийг сонгон дулаан хөнжил бэлэглэлээ. Хэцүүхэн амьдралтай өрх айлд идэр есийн хүйтнийг давахад Тайваны төлөөлөгчийн газар өөрсдийн боломжоороо цаашид ч туслана гэдгээ онцолж байна.

Гадаа -30 хэм хүртэл хүйтэрч байгаа энэ үед Тайпэйн Худалдаа эдийн засгийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар болон Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан хамтран "Хүйтэн өвөлд илч дулаан бэлэглэе" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр нийслэлд амьдардаг амжиргааны баталгаажих түвшин доогуур, дэмжлэг шаардлагатай зарим айл өрхөд тэмээний ноосон хөнжил бэлэглэлээ.

Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас зорилтот бүлгийн айл өрх, иргэд, эрүүл мэндийн байгууллагад чиглэгдсэн олон ажил хийгддэг байна. Энэ жил ч мөн адил эрүүл мэндийн байгууллага руу чиглэсэн багагүй ажил хийхээр төлөвлөжээ.

Тайваний Хүүхэд, Гэр бүлийг дэмжих сан нь Монгол улсад 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 20 орчим мянган хүнд тусламж дэмжлэг үзүүлсэн байна. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах, эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүдийг сураглтанд хамруулах, оюутан сургах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулжээ.