Нийгэм

Сар шинийн баяр болоход сар гаруйн хугацаа дутуу байгаа ч ууцны худалдаа хэдийнээ гарсан байна. Гэхдээ энэ жилийн хувьд үнэ өндөр, өртөг ихтэй ууцнууд худалдаанд байгааг иргэд ярьж байна. Харин худалдаачид махны бэлтгэл хийдэг аймгуудад өвөлжилт хүндэрснээр үнэ өссөн гэж тайлбарлалаа. Хамгийн хямд ууцны хувьд 25 кг-тай нь 150 мянган төгрөгийн ханштай байна.

Яг сарын дараа сар шинийн баяр болно. Нийслэлчүүдэд зах зээлийн үнээс хамгийн хямд үнээр мах, махан бүтээгдэхүүн нийлүүлдэг Хүчит шонхор захаас бид ууцны үнэ сонирхож сурвалжлага бэлтгэлээ. Өглөө 10 цагийн үед биднийг тус зах дээр очиход аль хэдийнэ 100 хол давсан автомашинтай ууц худалдаа гарсан байлаа. Энэ жилийн тухайд ууцны үнэ хамгийн хямд нь 150 мянган төгрөгөөс эхэлж байна. Нэг кг нь 6000-6500 төгрөг, хамгийн бага кг-тай ууц 25 кг-аас эхэлж байна. Сар шинийн баяр болоход  хугацаа арай болоогүй учраас худалдан авалт тааруухан байна. Өдөртөө ганц, хоёрхон ууц зарагдаж байна гэв.

Харин цагаан сарын баяр дөхөх тусам мах болон ууцны үнэ нэмэгдэж магадгүй гэдгийг худалдаачид хэлж байна. Шалтгаан нь өвөлжилт зарим аймаг, сумдад хүнд байгаа учраас мах бэлтгэл бага, өвч тэжээл тааруу гээд асуудал байгаа гэлээ. Тиймээс  өнөөдрийн энэ ханшнаас нэмэгдэх магадлалтай гэж байна. Түүнчлэн Хүчит шонхор зах дээр худалдаалагдаж байгаа ууцнуудын хувьд орон нутгаас, малчид өөрсдөө бэлтгэн ирж байгаа учраас ченжийн үнийн нэмэгдэлгүй байгаа гэлээ.  Ууцны худалдаа хийж байгаа малчдын хувьд энэ жил хамгийн багадаа гэхэд л 100 орчим ууцтай ирсэн байна. 25 кг-аас эхлээд 35,36 кг-ийн ууцны хамгийн дээд үнэ 500 мянган төгрөгтэй байгаа гэлээ.

Жил бүрийн өдийг ууцны худалдаанд гардаг худалдаачдын хувьд мах бэлтгэл хөдөө орон нутагт тааруу байна. Махны үнэ өссөн учраас баярын өмнө ууцны үнэ дагаад өснө. Гэхдээ иргэддээ аль болох хөөрөгдсөн үнээр биш бодит үнээр худалдаалахыг зорьж байгаа тухай малчид ярилаа. Дундговь, Сүхбаатар, Архангай зэрэг аймгаас малчид өнөөдрийн байдлаар Хүчит шонхор зах дээр ууцны худалдаа хийж байна.