Нийгэм

Хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлыг зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг байсан бол Эрүүгийн хууль руу шилжүүллээ. Учир нь тэтгэмж төлөгч гурван сар дараалан хүүхдийнхээ тэтгэмжийг өгөөгүй тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг байжээ. Тэгвэл Эрүүгийн хуульд тусгаснаар баривчлах болон хилийн хориг тавих зэргээр хариуцлагыг чангатгаж өгсөн байна.

Гэр бүл салалтын золиосонд хүүхэд хохирч үлддэг. Хамгийн сүүлийн үеийн тоо мэдээлэл хүргэхэд улсын хэмжээнд өдөрт 57 хос гэр бүл болж гэрлэлтээ шинээр бүртгүүлж байхад 10 гэр бүл гэр бүлээ цуцлуулдаг гэсэн тоон мэдээлэл бий. Улсын хэмжээнд нийт хүүхдийн тэтгэмж авагч 10 мянга орчим эцэг эх байдаг. Үүнээс 5 мянган орчим нь хүүхдийн тэтгэмжээ өгөхөөс зайлсхийдэг, өөр шалтгаанаар шүүхээс тогтоосон шийдвэрийг биелүүлдэггүй, янз бүрийн нөхцөл шалтгаан хэлдэг, зугтаадаг, оршин суух хаяг нь тодорхойгүй байдаг гээд хариуцлагагүй эцэг эхийн тоо өдөр бүр олширч байгааг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Тэгвэл эдгээр эцэг эхэд хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгаж, Эрүүгийн тухай хуулиар зохицуулахаар болжээ.

Харин хүүхдийн тэтгэмжийг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингээр олгодог.  Гэр бүлийн тухай хуулинд зааснаар, хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтоосон байдаг.

Үүнд: 

- 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;

- 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр.

- Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан байдаг.

Хуулийн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлэхэд 3 сарын хугацаанд хүүхдийн тэтгэмжээ шүүхээс тогтоосон хэмжээгээр цаг тухай бүрт нь төлөөгүй эцэг эхийг нэг удаа 100 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг байсан бол хуулийн шинэ зохицуулалтаар 7-30 хоногт баривчилна. Мөн Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хүртэл хариуцлага тооцохоор болжээ.

Харин хүүхдийн тэтгэмж авагч эцэг эх тухай шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байгууллагатай байнгын холбоотой ажиллахыг сануулж байна. Түүнчлэн шүүх байгууллагаас ямар нэгэн байдлаар ажиллагаа явуулаагүй тохиолдолд холбогдох байгууллагуудад гомдол гаргаж, хариуцлага тооцуулах боломжтой гэлээ.