Португалын энхийг сахиулагчид Африк тивээс алмааз эрдэнийн чулуу зөөн контрабандын хэрэг үйлджээ

Үйл явдал

Португалид цэрэг армийнханы эсрэг явуулсан шүүх ажиллагааны хүрээнд 10 хүнийг баривчилжээ. Энэхүү шуугиан тарьсан хэрэг нь Португалийн энхийг сахиулагчдын эсрэг чиглэсэн хэрэг юм.

Португалийн хууль хүчний байгууллагынхан цэргийнхэний эсрэг анх удаа явуулж байгаа өргөн хүрээний ажиллагааны үеэр хэдэн арван хувийн байр сууцанд үзлэг нэгжлэг явуулсан байна. 

Португалийн энхийг сахиулагчдыг Африкт үүрэг гүйцэтгэж байхдаа их хэмжээний алмааз эрдэнэ, алт, хар тамхи болон зэр зэвсэг хууль бусаар гаргасан хэрэгт буруутгаж байгаа юм. Тэр дундаа Төв Африкийн БНУ-д энхийг сахиулж байсан Португалийн энхийг сахиулагчид дээрх хэрэгт нэр холбогджээ. 2019 оноос эхэлсэн мөрдөн шалгах ажиллагааны үеэр энхийг сахиулагчид Европ руу бараа хүргэхдээ олон улсын хил гаалиар ордоггүй цэргийн онгоц  ашиглан тээвэрлэлт хийсэн болохыг тогтоожээ.

Улмаар Африк тивээс Европ руу хууль бусаар гаргасан алмаазаа Бельги руу боловсруулалтад илгээж, их хэмжээний мөнгө эргэлдүүлэн угааж байжээ. Португалийн гадаад хэргийн яам энэ явдал улсынх нь энхийг сахиулах хүчний нэр хүндийг сэвтээхээс болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.