Нийгэм

Шинэ коронавирусаас сэргийлэхийн тулд амны хаалт тогтмол зүүхийг иргэд, олон нийтэд эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа юм. Манай улс амны хаалт үйлдвэрлэдэг хэдхэн үйлдвэртэй, эмийн сангуудад маск хомсдсон, гадуур эрэлт ихтэй байгааг иргэд учирлаж байна. Тэгвэл үндэсний үйлдвэрлэгч компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зорилтот бүлгийн иргэд болон цагдаа, хил гааль, эрүүл мэндийн байгууллагуудад маск хандивлаж эхэлсэн юм. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Идэр ивээлт” компаниас амны хаалт хандивлалаа.

Идэр ивээлт буюу цахим орчинд Uut.mn нэрээр танигдсан тус оёдлын үйлдвэр даавуун уут, үндэсний хувцас зэргийг урладаг. Харин коронавирусын халдварын улмаас амны хаалт хомсдсон учраас үйлдвэрлэлийн нөөцөө ашиглан амны хаалт хийж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн  ажлын үр дүнгээр 30 гаруй газартай хамтран ажиллаж байна. Үйлдвэрлэсэн даавуун амны хаалтаа зах зээлд 550 төгрөгөөр борлуулахаар эмнэлгийн байгууллага, эмийн сан, төрийн зарим байгууллагуудтай хамтарч байгаа юм. Өдөртөө 12-15 мянган амны хаалт үйлдвэрлээд ч эрэлтээ хангаж чадахгүй байгаа учраас бусад үйлдвэр, цехүүдийг хамтран ажиллахыг уриаллаа.

Нэг удаагийн амны хаалтыг 2 цаг тутам солих шаардлагатай. Тэгвэл даавуун амны хаалтыг угаагаад дахин ашиглах боломжтой. Нийслэлд тун ховордсон амны хаалт хөдөө орон нутагт ч үзэгдэх төдий байгаа учраас  үйлдвэрлэлээ нэмэгдүүлж дотоодын хэрэгцээгээ хангахад бусдыгаа гар бие оролцохыг хүсч байна. Амны хаалтны материал нөөц байгаа учраас оёдлын үйлдвэрүүдийг хүн хүч нэмж ажиллан нийгмийн хариуцлагаа сайжруулахыг уриаллаа.