Нийгэм

Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсоох зорилготой Экологийн цагдаагийн алба байгуулагдаад удаагүй байна. Тэгвэл тус алба он гарсаар хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдсэн 51 удаагийн гэмт хэргийг шалгаж байгаагаа мэдээллээ. Цаашид үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор байгаль орчны иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Экологийн цагдаагийн алба ховор амьтны жагсаалтад орсон ойн булганы арьс 9, суусар булганы арьс 1 ширхгийг иргэн “Д” нь 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт зарж борлуулах гэж байсныг илрүүлж, таслан зогсоосон, энэ сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн “Х” нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтны жагсаалтад орсон хоёр ширхэг Хотон шувууны толгойтой хошууг зарах зорилгоор гэртээ хадгалж байсан гэмт үйлдлийг илрүүлсэн, Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн “Б” нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон хоёр ширхэг Хотон шувууны толгойтой хошуу бусдад зарж борлуулах гэж байсныг таслан зогсоож эд мөрийн баримтыг хураан авч Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Өнөөдөр ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, "Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл" ТББ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Дээрх 2 байгууллага эрдэмтэн судлаачдын оролцоотой цагдаагийн ажилтнуудыг сургаж дадлагажуулан, байгаль орчны хохирлыг тооцон хянах, нөхөн сэргээх, хамгаалах тал дээр арга зүйгээр хангах юм. МБОИЗ-ийн дэргэдэх Шим мандлийн буюу ус, хөрс, агаар хариуцсан эрдэмтдийн зөвлөл, ажлын албаны судлаач, шинжээч, мэргэжилтнүүд ийнхүү цагдаагийн байгууллагатай хамтран байгаль орчны төлөө ажиллахаар боллоо.