Их Долоогийн бүлгийн Эрүүл мэндийн сайд нар Омикрон вирусын талаар хэлэлцжээ

Ковид-19 /дэлхий/

Их Долоогийн бүлгийн улс орнууд дэлхийн нийтэд дахин нэг аюулын харанга дэлдээд байгаа цар тахлын Омикрон шинэ хувилбартай холбоотой асуудлаар шуурхай уулзалт хийлээ.

Их Долоогийн бүлгийн Эрүүл мэндийн сайд нар даваа гарагт цахим уулзалт хийж, Африк тивээс гаралтай Омикрон вирусний талаар хэлэлцжээ.  

Их Долоогийн бүлгийн улс орнууд Африк тивд анх дэгдээд байгаа коронавирусний шинэ хувилбар болох Омикрон вирусний халдварын шинж тэмдэг, үр нөлөөний талаар хэлэлцэн, шинэ хувилбарыг хянан судлах талаар хамтарч ажиллахаар тохиролцсон байна.

Их Долоогийн Эрүүл мэндийн сайд нар цар тахлын шинэ хувилбарыг илрүүлж, энэ талаар ДЭМБ-д мэдээлэн, дэлхий нийтэд сэрэмжлүүлсэнд Өмнөд Африкийн талд талархал илэрхийлэн, цаашид Омикрон нэр авсан вирусний мутацид орсон шинэ хувилбарыг богино хугацаанд  шинжлэн судалж, тархалтыг газар авхуулахгүй байхад анхаарч ажиллахаар тогтжээ.

Мөн ДЭМБ-тай хамтран шинэ хувилбарын вирусын шинж тэмдгийг судлан, эмгэг төрүүлж байгаа вирусын тандалт судалгааг эрчимжүүлэн ажиллахаар тохиролцсон байна. Түүнчлэн Их Долоогийн бүлгийн орнууд COVID-19 коронавирусний эсрэг вакцины хүртээмжтэй байдлыг хангах асуудлаар хэлэлцэн, ядуу буурай орнуудад вакцин хандивлах үүрэг амлалтаа эрчимжүүлэхээ мэдэгджээ.