Нийгэм

Коронавирус өвчнөөс сэргийлэх зорилгоор манай улс урд хөрштэй залгаа хилээ бүрэн хаасан. Тийм учраас Цагаан хад боомтод нүүрс тээвэрт явж байгаа жолооч нарыг гэрт нь буцаах ажлыг шуурхай эхлүүлсэн байна. Нийтдээ 15 мянга гаруй жолооч бий. Эдгээр иргэдийн эрүүл мэндийг шалгаж, дархлаа дэмжсэн бүтээгдэхүүн, хоол хүнс илгээж эхэлжээ.

"Эрдэнэс Тавантолгой" компани нийт 200 гаруй  тээврийн аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг, эдгээр аж ахуйн нэгжүүд нь 15 мянга орчим жолоочтойгоор нүүрс тээвэрлэлт гүйцэтгэдэг байна. Одоогоор Тавантолгойн ордод ажиллаж байгаа нүүрс тээврийн 1500-1700 орчим жолооч байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Нийт 100 сая орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий шаардлагатай эд зүйлсийг жолооч нарт хүргэж өгчээ.

Мөн компанийн эмч нар жолооч нарт шинэ коронавирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар заавар  зөвлөгөө өгсөн байна. Цаашид ч компаниас тээвэр эрхлэгчидтэй тогтмол холбоотой байж,  жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдалд шаардлагатай байгаа зүйлст дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Улсын онцгой байдлын хуралдаанаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт, Ганц мод болон Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хориглох шийдвэр гаргаад байгаа юм.