Нийгэм

Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Амралтын өдрүүдэд угаарын хийд хордсон 19 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Харин өнөөдрийн байдлаар хордож эмнэлэгт хэвтсэн хүн байхгүй байна.  Мэргэжлийн байгууллагууд шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байнгын хяналт тавьж ажиллаж байгаа юм. Тиймээс гудамжинд нус цэрээ хаясан 200 орчим иргэнийг торгожээ

Амралтын өдрүүдэд шуурхай эргүүл 24 цагаар ажиллажээ. Хордлогын үндэсний төвд зургаан өрхийн 19 иргэн буюу 10 хүүхэд, есөн том хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй гэлээ. Шинэ коронавирусийн халдвар, шувууны томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байгаа талаар албаныхан мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногт  гудамжид нус цэрээ хаясан үндэслэлээр зөрчлийн тухай хуульд зааснаар 10 мянган нэгжээр торгох заалтын дагуу 200 иргэнийг торгосон байна.

ШАХМАЛ ТҮЛШ БОЛОН БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫН ХОМСДОЛ ҮҮСЭЭГҮЙ            

Шахмал түлшний барьцалдуулагч бодис тасалдсан гэх мэдээлэл  цахим орчинд цацагдаад байсан юм.  Өдөрт 100-200 тонн барьцалдуулагч тогтмол урдаас орж ирж байгаа. Тэгэхээр барьцалдуулагч бодис тасалдана гэсэн ойлголт байхгүйг НМХГ-аас мэдээлж байна. 

Онцгой байдал, цагдаа хөдөлгөөнт эргүүл бүх борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийж байгаа. Борлуулалтын цэгүүдэд түлш дутагдсан асуудал гарвал “Тавантолгой” түлш компанитай холбогдож, хяналт шалгалт хийж байгаа байцаагч нар шахмал түлшийг татан авалтын ажлыг тухай бүрт нь хийж байгаа юм байна.