Импортоор оруулж ирдэг барилгын материалын үнэ 50-90 хувь хүртэл өсчээ 

Засгийн газар

Манай улс барилгын материалын нийт хэрэгцээнийхээ 60 гаруй хувийг импортоор авдал бол үлдсэн 30 гаруй хувийг дотоодод үйлдвэрлэж байна. 

Цар тахлаас үүдэлтэй урд хөрш хилээ хааж, дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ нэмэгдсэнээр БНХАУ-аас импортоор орж ирдэг бүхий л барилгын материал жил орчмын хугацаанд 50-90 хувь хүртлээ өсчээ. Нэг улсаас хэт хамааралтайгаас гадна нэг боомтын бараа эргэлт тасарснаар улсаараа сандарч байгаа энэ хүнд нөхцөл байдлаас бид гарахын тулд үйлдвэрлэгч орон болоход төрийн бодлогыг чиглүүлэх учиртай юм. Тэгвэл барилгын материалаас ямар төрлийг сонгон үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах боломжтой талаар салбарын сайдаас тодрууллаа. 

Нэг улсын нэг боомтоос хэт хамааралтай Монгол Улс үйлдвэрлэгч орон болоход бодлогоо тодорхойлох ёстой 

Өнгөрсөн жил 1.5-1.7 сая төгрөгөөр худалдаалдаг байсан нэг тонн арматур төмөр өнөөдрийн байдлаар 3-3.2 сая төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.  Арматур болон төмөр хийцийн үнэ 81 хувиар, дулаалгын материалын үнэ 92 хувиар өссөн бол тоосгоны үнэ 52 хувиар, мод модон материал 70 хувиар өсчээ. Тэгвэл хил хаагдсанаас хойш зарим бараа тасалдсанаар дотоодод дулаалгын материал үйлдвэрлэдэг зарим үйлдвэрийн худалдан авалт нэмэгдсэн байгаа юм.

Дотоодод үйлдвэрлэдэг барилгын материалын үнэ 4-6 хувиар өссөн байна.

Барилгын материалын үнэ ганцхан жилийн хугацаанд 50-90 хувиар өссөнтэй холбоотой орон сууцны үнэ өмнөх жилийн мөн үеэс 35.4 хувиар өсчээ. Манай улсад хамгийн их үйлдвэрлэх боломжтой арматур төмрийн тухайд хүнд үйлдвэрлэлд багтдаг байна. Гэвч манай улс өнөөдрийн хүртэл хүнд үйлдвэрийг дэмжих чиглэлд тусгайлсан хууль байхгүй, ямар төрлийн үйлдвэрлэлийг хүнд үйлдвэрт ангилах тодорхой зохицуулалтгүй явж иржээ.

Засгийн газар анх удаа хүнд үйлдвэрийн тухай хуулийг санаачилсан ч төслийг хангалтгүй гэж үзэн буцаалаа.