Нийгэм

Шинийн нэгний өглөө ургах нарыг угтдаг монгол уламжлал бий. Бүх зүйлийг шинээр эхлүүлж, шинэ улирлыг угтан авч байна хэмээн бэлэгддэг. Харин энэ жил халдварт өвчний улмаас цагаан сарын баярыг хориглосон холбоотойгоор уул хад руу гарах, нар угтах зэрэг олон хүн цуглах бүхий л арга хэмжээг хориглоод байгаа юм. Иргэд ч ухамсартай байгааг хамгаалалтад гарсан цагдаагийн албан хаагчид хэлж байна. 

Монгол түмэн шинийн нэгний өглөө эртлэн босч, нарандаа дээж өргөн, амьдрал үйлсээ даатган залбирдаг. Энэ уламжлалаар нийслэлчүүд хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг харахаар эртлэн босч, Хийморийн овоо, Тасганы овоо, Баянзүрх, Сонгино, Чингэлтэй хайрхандаа гардаг. Тэгвэл энэ жил иргэд, олон нийт уул, овоонд гаралгүй өнжиж байна.

Дэлхий нийтийг түгшээж байгаа халдварт өвчнөөс улс нийтээрээ сэргийлэхийн тулд Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг төр засгаас гаргасан. Төрийн шийдвэрийг иргэд дагаж, өнөөдөр уул, овоог зорьсон, ажил үүргээ гүйцэтгэж яваа алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн иргэн байсангүй. 

ХАВРЫН ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН НЭГНИЙ НАРАН 7 ЦАГ 44 МИНУТАД МАНДЛАА

Хаврын тэргүүн сарын гинийн нэгний наран 7 цаг 44 минутад мандлаа.