Германд жихадын дайчдын үйлдсэн балмад халдлагад өртөгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

Үйл явдал

Одоогоос 5 жилийн өмнө Германы нийслэл Берлин хотод зул сарын яармагийн үеэр ачааны машинтай этгээд гэм зэмгүй хүмүүсийг дайрсан балмад хэрэг явдал болж байжээ. Германд энэ өдрийг нэхэн дурсч, жихадын дайчдын үйлдсэн балмад халдлагад өртөгсдийн дурсгалыг хүндэтгэжээ. 

2016 оны 12-р сарын 19-ний өдөр Берлин хотод олныг цочирдуулсан халдлага болж, зул сарын яармаг зохиогдож байсан газар луу ачааны машинтай этгээд халдсан юм. Халдлагын улмаас 13 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.Ачааны машин 50-80 м хиртэй газарт явж, лангуунуудыг нурааж, хүмүүсийг олноор нь дайрсан байна.

Энэ халдлагын хариуцлагыг Исламын улс алан хядах бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээж, сүүлд тогтоосноор ачааны машиныг Тунис гаралтай Анис Амри гэх этгээд жолоодон халдлага үйлджээ. Халдлага үйлдсэн этгээдийг сүүлд Италид баривчлах үед цагдаа нарт эсэргүүцэл үзүүлэн амиа алдсан байна.

Берлины балмад халдлагын 5 жилийн ойн ёслол дээр Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер:

-Бид ямар ч үед сонор сэрэмж анхаарлаа сулруулж болохгүй гэдгийг 5 жилийн тэртээх балмад халдлага бидэнд сануулсан. Бид тэрхүү халдлагад өртөн амиа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэж, алан хядлага терроризмын эсрэг баттай сөрөн зогсох нь зүйтэй

гэжээ.