Нийгэм

Гадны улс орноос ирсэн зарим иргэд эмч мэргэжилтнүүдийн шаардлагыг хүлээн аваагүй. Тусгаарлах байранд орохгүй гэх зэрэг асуудал гарсан. Энэ бүхэн тухайн хүний эрүүл мэндийн төлөө хийж байгаа ажил. Тусгаарлах байр ямар нэг аюулгүйгээс гадна эмнэлгийн бүхий л стандарт шаардлага хангасан гэдгийг Улсын онцгой комиссын дэд дарга Г.Ариунбуян хэлж байна. Цаашид өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд саад учруулсан иргэдийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэдгийг санууллаа.

Шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс он гарснаас хойш найман удаа хуралдаад байна. Хөл хорио тогтоохоос эхлээд Монгол улсын нутаг дэвсгэрт вирус оруулахгүй байхад шаардлагатай бүхий л шийдвэрийг гарган ажиллаж байгаа. Иргэдийн тухайд гаргасан шийдвэрүүдийг зохих түвшинд дагаж мөрдөж байгааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга хэллээ. Гэхдээ нөгөө талд вирус тархсан орноос ирсэн иргэд тусгаарлах байр голох, тусгаарлах байранд орохгүй зэргээс эхлээд алба хаагчдын ажлыг хүндрүүлж байгаа асуудал их байгааг онцоллоо.

КОРОНАВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ АЖИЛД ХҮНДРЭЛ УЧРУУЛСАН ИРГЭНИЙГ ОЛОН НИЙТЭД ЗАРЛАНА

Манай улс коронавирусээс сэргийлэх үүднээс иргэдийг хоёр төрлөөр тусгаарлаж байгаа. Тодруулбал, ХӨСҮТ-д халуурахаас эхлээд  сэжигтэй тохиолдол илэрсэн иргэдийг нэг нэгээр нь байлган хянаж байгаа бол вирус тархсан оронд зорчсон иргэдийг улсын хэмжээнд таван байранд хуваан 14 хоног ажиглаж байгаа юм. Гэвч тусгаарлах байранд орж байгаа иргэдийн тухайд нэг дор олноор байлгасан, давчуу өрөөтэй, төмөр тавганд хоол өгсөн зэрэг олон шүүмжлэлийг цахим орчинд бичих болсон. Вирус тархсан газраас ирсэн иргэдийг зайлшгүй тусгаарлан ажиллах шаардлагатай тул цаашид алба хаагчдын ажилд хүндрэл учруулсан иргэдийг олон нийтэд нээлттэй зарлана гэлээ.

Дэлхий нийтэд коронавирусийн тархалт цаг минутаар нэмэгдэж байгаа энэ үед манай улсад оруулахгүй байх нь хамгаас чухал гэдгийг хэлж байгаа юм. Өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг гол зүйл нь иргэд олноор цуглах гэдгийг сануулсаар байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ