Барууны улс орнууд Казахстан дахь нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж байна

Үйл явдал

Барууны улс орнууд Төв Азийн Казахстан Улсад өрнөсөн дотоодын үймээн самуун, жагсаал цуглааны талаар байр суурь, үзэл бодлоо илэрхийлж байна.

Барууны нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байгаагаар Казахстан улсад өрнөсөн үйл явдал хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Украин, Беларусь зэрэг улсад өрнөсөн бослого, тэмцэл, иргэдийн эсэргүүцэлтэй уур амьсгал нэг байгааг онцолж, энэ нь Кремльд сануулга болон очиж байгааг тэмдэглэж байна.  

Америкийн Нью Йорк Таймс сонинд бичиж байгаагаар Казахстанд өрнөсөн үйл явц Кремлийн хувьд хөрш зэргэлдээх улс орных нь иргэд авторитар засаглалыг эсэргүүцэж байгааг тод томруунаар илэрхийлсэн явдал болсныг дахин сануулж байгаа талаар бичжээ.

Учир нь ОХУ-тай найрамдалтай харилцаатай байсан Украин, Беларусийн дараа улс орон дахь авторитар дэглэмийн эсрэг ард иргэд нь босон тэмцэж байгаа 3 дахь улс орон Казахстан болжээ. Ийнхүү хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудад ээлж дараалан тэмцэл бослого өрнөж байгааг Москвагийн нэр нөлөөн дор байхыг эсэргүүцэж, ОХУ-ын тал Беларусь, Украин зэрэг орнуудад өөрийн эдийн засгийн болоод геополитикийн хүч, нэр нөлөөгөө бататгахыг зорьж байгаа бодлогын эсрэг тэмцэл өрнөж байгааг Барууны хэвлэлүүд онцлон бичиж байна.

Түүнчлэн Казахстанд өрнөсөн үйл явдлыг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бусад улс орнууд ч мөн анхааралтай ажиглаж, сөрөг хүчнийхэн байр сууриа бататгаж байгаа талаар ч бичиж байгаа юм. 

Барууны орнууд Казахстанд өрнөж байгаа үйл явцын гол шалтгааныг түүнчлэн зөвхөн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн явдал биш харин цаанаа гүн гүнзгий утга агуулга, шалтгаан нөхцөлтэй гэж үзэж байна.

Тухайлбал нэг хүний удирдлаган дорх авторитар дэглэм ноёрхож, авлига хээл хахууль газар авч, улс төрийн тогтолцоог эсэргүүцсэн тэмцэл ийнхүү сэдэрч байна гэж үзэж байгаа юм.

Британийн Гардиан сонинд бичсэнээр Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллага Казахстаны ерөнхийлөгч Токаевын тавьсан хүсэлтэд шуурхай хариу үйлдэл үзүүлж, Казахстан руу энхийг сахиулагчид илгээж байгааг тэмдэглэж, магадгүй энхийг сахиулагчид Төв Азийн энэ улсад удаан хугацаанд байхыг үгүйсгээгүй байна.

Түүнчлэн Барууны орнууд Казахстанд өрнөсөн үйл явцыг энэ улсыг 1991 онд тусгаар тогтнолоо зарлан тунхагласнаас хойш 28 жил тасралтгүй тэргүүлж, төрийн эрхээс 2019 онд буусан экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын бодлого, авторитар дэглэмийн эсрэг чиглэсэн ард түмний бослого гэж үзэж байна. Хэдийгээр Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаев албан сэнтийгээ өөрийн залгамжлагчид шилжүүлсэн ч түүнийг сүүдрийн удирдагч хэвээр байгаа гэж үздэг юм. 

Нью Йорк Таймс сонины мэдээлж байгаагаар Америкийн засгийн газар Казахстан дахь Зөвлөлт засгийн дараах авторитар дэглэмд эртнээс шүүмжлэлтэй хандаж байсан юм. Гэхдээ Казахтанд өрнөсөн үйл явц АНУ-ын хувьд ашигтай байж болох талаар ч бичиж байна.

Учир нь Америкийн Exxon Mobil болон Chevron компаниуд Казахстаны баруун хэсэгт хэд хэдэн орд газар ашиглахад хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ. Тэгвэл чухам Казахстаны энэ бүсэд иргэдийн жагсаал цуглаан өрнөсөн гэдгийг тэмдэглэж байна.