Литв Улс 100 мянган еврогийн нөхөн олговор төлөхөөр болжээ

Үйл явдал

Литв Улс алан хядлага, терроризмын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Палестины иргэнд 100 мянган еврогийн нөхөн олговор төлөхөөр болжээ.

Литв улс Палестин гаралтай Абу Зубайдад 100 мянган еврогийн нөхөн төлбөр, мөн түүний өмгөөлөгчид 30 мянган евро төлөх ёстой болжээ. АНУ-д Зубайдуг 9-р сарын 11-ний террорист халдлагад гэм буруутай гэж үзэн өнөөдрийг хүртэл Гуантанамо дахь цэргийн баазад хорьж байгаа юм.

Тэгвэл үүнээс өмнө Зубайдуг Литвын нийслэл Вильнюс хотын дор байрлах нууц шоронд хорьж байжээ. Тэгвэл Зубайдуг энд ямар ч шүүхийн тогтоол шийдвэргүйгээр хорьж цагдаж байсан нь Европын хүний эрхийн шүүхээр батлагдаж, Палестин эр шүүхэд ялж, нөхөн төлбөр авахаар болжээ.

Литв улс саяхныг хүртэл өөрийн нутаг дэвсгэр дээр Америкийн нууц шорон байсан гэдгийг үгүйсгэсээр ирсэн ч Виолет-16 гэх нэртэй объект байсныг эрэн сурвалжлах сэтгүүлчид илрүүлж, нотолж чадсан байна.