Казахстанд “Хийн жагсаал”-тай холбоотойгоор үндэсний гашуудлын өдөр зарлан, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэлээ

Үйл явдал

Казахстанд шинэ оны дараа дэгдсэн хийн үнийн асуудлаас шалтгаалан дэгдсэн олныг хамарсан жагсаал цуглаан, эмх замбараагүй байдалд өртөн амиа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэн 1-р сарын 10-ны өдрийг бүх нийтийн гашуудлын өдөр болгон зарласан. 

Өчигдөр Төв Азийн энэ улсад төрийн албан байгууллагуудын дээрх төрийн далбааг буулган бөхийлгөжээ. 

Казахстан улсад өрнөсөн дотоодын хямрал хүчирхийлэл, үймээн самууны улмаас энэ улсад 1-р сарын 19-нийг хүртэл онцгой байдал зарлаж, энэ сарын 10-ныг бүх нийтийн гашуудлын өдөр болгосон юм.Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын тушаалаар 1-р сарын 10-ны өдрийг бүх нийтийн гашуудлын өдөр болгон зарлаж, үймээн самууны улмаас амиа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэжээ.

Гашуудлын өдөр төрийн албан байгууллагуудын дээрх төрийн туг далбааг буулган хүндэтгэл үзүүлсэн байна. Казахстанд дэгдсэн дотоодын үймээн самуун, жагсаал цуглааны үеэр албаны мэдээгээр 164 хүн амиа алдсан гэж байгаа ч энэхүү тоо баримт өөрчлөгдөж болзошгүй юм.

Казахстаны дотоод хэргийн яамнаас мэдээлж байгаагаар улс оронд нь дэгдсэн “хийн жагсаал”-аас үүдэлтэй олныг хамарсан эмх замбараагүй байдал, мөргөлдөөн тулааны улмаас 2 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн Казахстанд болсон дотоодын үймээн самуунтай холбоотойгоор хууль хүчний байгууллагынхан 8 мянга гаруй хүнийг баривчлан саатуулжээ.