Нийгэм

Нийслэлд хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа. Спорт зал, фитнесс, урлаг соёлын бүх арга хэмжээг зогсоосон. Аль болох олон хүн цугласан арга хэмжээнээс татгалзаж байгаа ч энэ журмыг зөрчсөн үйлдэл хэд хэд гарсан байна. Шалгалтын явцад ямар ч бүртгэлгүй 70 гаруй сүм хийд байгааг илрүүлжээ. Эдгээр байгууллагууд цуглаан, шашны зан үйл хийж байсныг таслан зогсоож торгууль тавьсан байна.

Нийслэлийн засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд хяналтын байгууллагууд үйлдвэр үйлчилгээ, худалдаа, зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нийт 3300 гаруй байгууллагад Ковид 19-ын халдварын нөхцөл байдал, хөл хориотой холбоотой асуудлаар хяналт, шалгалт хийж ажиллаж байна. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг дээрх тооны байгууллагууд 3-р сарын 30-ны өдрийг хүртэл захирамжийн хүрээнд ажиллаж цагийг богиногосон. Энэ хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт явуулахад цаг хэтрүүлэн ажиллаж байгаа баар, ресторан болон архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах зөвшөөрөлгүй хэрнээ үйл ажиллагаа явуулж байсан зэрэг зөрчил илэрсэн байна. Нийт 43 аж ахуй нэгж байгууллагад дээрх зөрчилтэй холбогдуулан 29 сая төгрөгийг торгууль тавьжээ.

Мөн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хяналтын байгууллагаас 4 багц чиглэлээр хяналт шалгалт тавьж ажиллаж байна. Хүнсний худалдаа, эмийн сан болон ахуй хэрэглээний худалдаанаас бусад бүх төрлийн бараа худалдаалах үйл ажиллагааг түр хаах, Халуун усны үйлчилгээ үзүүлж байгаа үйлчилгээний газраас бусад ахуй үйлчилгээний газрууд, Смарт карт цэнэглэх түргэн үйлчилгээний цэгээс бусад ТҮЦ-ний үйлчилгээ, Дугуй засвараас бусад авто засварын үйлчилгээг 3-р сарын 30 хүртэл үйл ажиллагааг түр зогсоосон ч мөн захирамжийг хэрэгжилтийн хүрээнд явуулсан шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрчээ. Тиймээс иргэд хариуцлагатай, ухамсартай байхыг Мэргэжлийн байгууллагаас санууллаа.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 396 сүм хийд, шашны 15 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн удаагийн мэдээллээр 321 сүм хийд бий гэсэн мэдээллийг өгч байна. Харин шалгалтын явцад бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж байсан сүм хийдүүдийг илрүүлсэн байна. 

Мөн хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийт 2 сая 180 мянган метр квадрат талбайд мэргэжлийн 36 байгууллага ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ. Иргэд хөл хорио тогтоосон энэ үед хаа хаанаа ухамсартай байж, гаргасан захирамж, шийдвэрийг биелүүлж ажиллахыг Нийслэлийн  мэргэжлийн хяналтын байгууллагаас  санууллаа.