Нийгэм

Ковид-19 халдварын улмаас хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Үйлчилгээний байгууллагууд хаалттай байгаа нь санхүүгийн хувьд доголдол гарч эхэлснийг Сангийн сайд мэдээлсэн. Ажлын байр хумигдах эрсдэл ч байгаа юм. Тийм учраас хүнд цаг үед бизнесээ хохирол багатай авч гарахаас гадна ажилтныхаа ажлын байрыг хадгалаж, санхүүгийн уян хатан зохицуулалт хийхийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холооноос уриаллаа.

Улс орон даяар Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хөл хорио тогтоон ажиллаж байгаа. Мөн зарим аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа түр хугацаанд бүрэн зогсоогоод байгаа юм. Ингэхдээ зарим нь 100 хувь цалинтай байгаа бол зарим нь 50 хувийн, цалингүй зэргээр ялгаатай байгаа юм. Энэ нь өр зээлтэй иргэдэд эдийн засгийн хямрал үүсэхэд нөлөөлж байгааг МҮЭХ онцолж байна. Тиймээс Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн холбоонд хандан уриалга гаргалаа.

Аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд эрсдлийн сан байгуулахыг үйлдвэрчний эвлэлээс зөвлөж байна. мөн ажил олгогчид ажилчдынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудалд илүүтэй анхааран ажиллах горимыг уян хатан тогтоохыг онцолж байлаа.