НАТО болон ОХУ-ын талууд болчимгүй алхам хийхгүй байхад харилцан анхааруулж байна 

Улс төр

НАТО болон Оросын талууд Брюсселийн уулзалтын үеэр хоёр талын өмнө тулгамдаад байгаа асуудлаар хэлэлцэж, байр сууриа ойртуулах зорилго тавьсан юм. Хэдийгээр уулзалт ажил хэрэгч уур амьсгалд явагдсан ч талуудын хооронд санал зөрөлдөөн байсаар байгааг албаны эх сурвалжууд онцолж байна. 

Брюссельд болсон Орос-НАТО-ийн зөвлөлийн хурал нь Европын аюулгүй байдлын талаарх Оросын саналыг Барууны орнуудтай хэлэлцэх зөвлөлдөх уулзалтын хоёр дахь үе шат байжээ.

Эхний үе шат нь 1-р сарын 10-ны өдөр Швейцарын Женев хотноо ОХУ болон АНУ-ын хооронд болж дараагийн шатны уулзалтыг Европын Аюулгүй байдлын Хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Австрийн Вена хотноо 3 дахь шатны уулзалтаа хийхээр төлөвлөж байна. Талууд Брюссель хотноо олон цагийн туршид хэлэлцсэн ч уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй юм. Талууд аль аль нь буулт хийхээс татгалзан өөр өөрсдийн байр суурин дээр баттай зогсчээ. Хоёр тал Москва болон НАТО-гийн харилцаан дахь тулгамдсан асуудал, Украины хямралыг тойрсон сэдэв, НАТО-г дорно зүгт тэлж Оросын хилд ойртуулж байгаа болон Оросын тал улсынхаа аюулгүй байдлыг сахин хамгаалах арга замын талаар голчлон хэлэлцсэн юм.

Уулзалтын үеэр НАТО-г дорно зүгт тэлэхийг, мөн Оростой хил залгаа орнуудад ПЭХС, зэр зэвсэг байрлуулахаас татгалзах зэрэг аюулгүй байдалтай холбоотой асуудлаар Москва байр сууриа илэрхийлжээ. НАТО, Украины хилийн ойролцоо Оросын тал цэргийн хүчээ төвлөрүүлж, хөдөлгөөнд орж байгаад санаа зовинож байгаагаа илэрхийлэн, шаардлагатай тохиолдолд АНУ болон НАТО-ийн холбоотнууд Украины газар нутгийг хамгаалан, Оросын түрэмгийллийн эсрэг бат зогсоно гэдгээ дахин хатуухан мэдэгдэж ойлгуулсан байна. Оросын тал үүний хариуд НАТО-г дорно зүгт тэлж, Украиныг түшиглэн Оросын хил дагуу цэргийн бааз, байрлалаа ахиулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.