Нийгэм

Улаанбаатар хотод ахуйн үйлчилгээний салбар 1958 онд үүсэн бий болсноос хойш одоогийн урт цагаанд төвлөрөн үйл ажиллагаа явуулсан. Тэгвэл хотын захиргааны харъяанд байдаг урт цагаан байшинг нурааж, шинэчлэх асуудал маргаан дагуулж байна. Түрээслэгчид нь өөрсдийн хөрөнгөөр засч янзлан, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлтийг гаргаад байгаа юм. Харин нийслэлийн удирдлагууд Урт цагааныг буулгасны дараа яах ийхээ төлөвлөгөөгүй байгаа гэдэг хариулт өглөө. 

ХАРИН ТҮРЭЭСЛЭГЧИД ЦААШ НЬ 200-300 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН НЭМДЭГ

Нийслэлийн засаг захиргааны 3 дугаар байр буюу Урт цагаанд 300 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулж өдөр тутмынхаа амжиргааг залгуулж байна. Эдгээр 300 гаруй түрээслэгчийг 30 иргэн, аж ахуйн нэгж зангидан удирдаж урт цагаан барилгын талбайг тэдэнд түрээслэх, барилгын засвар үйлчилгээ хийдэг гэлээ. Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын мэдээлж байгаагаар 30 иргэн, аж ахуйн нэгж 1мкв талбайг 9000 төгрөгөөр түрээслэхээр нийслэлтэй гэрээ байгуулжээ. Харин нэг мкв нь 9000 төгрөгийн үнэтэй энэ талбайг дархан, оёдолчин, засварчин зэрэг хүмүүст багадаа л 200 мянган төгрөгөөр дамлан түрээслэдэг байна.

Зарим түрээслэгчид яриа өгөхөөс татгалзаж байсан юм. Тэдэнд нийслэлтэй гэрээ байгуулсан гэх 30 түрээслэгчээс багагүй дарамт шахалт ирдэг гэж байлаа. Тэдний хувьд гэрээ байгуулагчдын дунд энгийн түрээслэгчид хохирч байна гэсэн юм. Харин нийслэлтэй гэрээ байгуулсан түрээслэгчдийн хувьд Урт цагааныг хоршоологчдын мөнгөөр боссон. Бидний өмч гэж байна. Мөн тэд энд ажлын байр бий болгож байхад биднийг дам түрээслэлээ гэх шалтгаанаар буруутгаж байна гэлээ. Түрээслэгчдийн хэлж байгаагаар нийслэлийн удирдлагууд газарт шунаж байна гэж тэд үзэж байна.

Олон дархан энд үйл ажиллагаа явуулдаг байна. Дархан бүр баллонтой газтай. Хэрвээ гал гарвал дан ганц энэ барилга гэлтгүй эргэн тойрны барилга, хүний амь нас бүгд эрсдэлд орох аюул нүүрлээд байгааг Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газраас мэдээллээ.

Жил бүрийн нийслэлийн төсвөөс хөрөнгө хуваарилдаг ч гэнэтийн эвдрэлд зарцуулагдаад дуусдаг гэлээ. Урт цагааны барилгын модон хийцийн 60 гаруй хувь нь ашиглах боломжгүй болж эвдэрсэн гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллага ч гаргажээ. Энэ сард хөрсөн доорх цэвэр усны шугам задарч 8 сая гаруй төгрөгийн ус алдагдсан тохиолдол ч бий гэж албаныхан хэлж байна.