Нийгэм

Өнгөрсөн Ням гарагт нийслэлийн ногоон бүсэд 34 удаа түймэр гарсан. Тэгвэл өнөөдөр өглөө Яргайтын Богинын аманд дахин түймэр дэгдэж найман айлын хашаа байшин шатлаа. Энэ бүх дуудлага өнжмөл шар өвс шатаасантай холбоотой. Иргэд хашаагаа цэвэрлэхийн оронд гал тавьж байгаа нь түймэр дэгдэх шалтгаан болж байгааг хэллээ. Яргайтын аманд гарсан түймэрт хэн нэгэн бэртгэж гэмтээгүй ч олон сая төгрөгийн хохирол учрууллаа.

Нийслэлийн онцгой байдлын газарт 8 цаг 25 минутад галын дуудлага иржээ. Яргайтын Богинод гарсан гал түймрийг унтраахаар СБД-ийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 74-р анги очжээ. Нэмэлтээр  гал түймэр унтраах 10 анги дайчлагдаж, гал түймрийг бүрэн гүйцэд унтраажээ.

Хуурайшилт ихтэй, салхитай, мөн өндөр ургасан өнжмөл шар өвс ихтэй тул шигүү байрласан зуны модон байшингууд асар богино хугацаанд шатсаныг албаныхан ярьж байна.

Богино хугацаанд тархсан гал ногоон бүс рүү орох эрсдэлтэй байжээ.

Зуслангийн байшингууд хэт шигүү байрлалтай, галын машин орж гарах боломжгүй учраас гал унтраахад хүндрэлтэй байсныг албаныхан ярьж байна.

Мөн тог, цахилгааны асуудалд холбогдох байгууллагаас анхаарах шаардлагатай байгааг онцолж байна. 

Сүүлийн 3 хоногт 40 орчим галын дуудлага Онцгой байдлын газар иржээ. Дийлэнх нь өнжмөл шар өвсний дуудлага байжээ. Иргэд хуурай өвсөө шууд шатаах биш хатаж аваад, хогийн цэгт хаяхыг зөвлөж байна. Мөн түлсэн гал, асаасан шүдэнз татсан тамхины цог, нурмыг бүрэн унтраах, хуурайшилт ихтэй үед ил задгай гал түлэхгүй байх, халуун үнс нурмаа тусгайлан таглаа бүхий нүх, саьанд хийхийг анхаарууллаа. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ