Нийгэм

Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын барилгын ажил эхлээгүй гэж хэлж болохоор байна. Таван хэсэгт хувааж богино хугацаанд барихаар төлөвлөсөн ч хөл хорионы улмаас хятад мэргэжилтнүүд ирж чадалгүй хойшилсоор байгаа юм. Харин 1 болон 5-р хэсэгт туслан гүйцэтгэгчээр шалгарсан монгол компаниуд зөвхөн газар шороо болон арчлалтын ажлыг хийж эхэлжээ. Хэрвээ хөл хорио сунгагдвал Дарханы замын бүтээн байгуулалт дахин хойшлохоор байна.

УБ-Дархан чиглэлийн 204 км авто зам засварын ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. 2019 оны 11 сард ашиглалтад орох байсан ч одоо хүртэл ашиглалтад ороогүй байна. Өчигдрөөс эхлэн 1 болон 5-р багцын туслан гүйцэтгэгч Монгол компаниуд ажлаа эхэлжээ. Ингэхдээ гүүр хоолойн ажил, далангийн өргөтгөл зэрэг ажлуудыг хийж байгаа юм. 2 сараас эхлэн зам засварын ажлаа бэлдэж, 4 сараас нэгдсэн журмаар бүгд ажилдаа орох ёстой байсан ч коронавирус гарч Хятад компанийн ажилчид ирж чадаагүй учир авто замын бүтээн байгуулалт хойшлоход хүрчээ.

С.Очирбат: Дарханы замын ерөнхий гэрээг Хятадын талаас хийсэн тул тэд өөрсдөө хамтарч ажиллах компаниа сонгоно

Дарханы замын ажлыг 5 багц хэсэг болгосон. Гэтэл 2, 3, 4 багц нь туслан гүйцэтгэгчгүй, өөрсдөө бүгдийг нь хийхээр болжээ. Тиймээс цаашид хорио цээрийн дэглэм үргэлжилсэн тохиолдол зам засварын ажил нэлээдгүй хүндэрнэ гэдгийг онцоллоо. Учир нь ерөнхий гэрээг Хятадын талаас хийсэн учир хамтран ажиллах компаниа тэд өөрсдөө сонгох юм байна.

Энэхүү авто замын ажлыг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа тул олон улсын тендер зарласан. Уг тендер шалгуур өндөртэй учир Монгол компани сонгогдох боломжгүй байдаг гэдгийг төслийн зөвлөх онцоллоо. Тиймээс гэрээний хугацаа дууссан ч өнгөрсөн жилийн сонгогдсон Хятад компаниудтайгаа хамран ажиллах юм байна. Хамгийн гол нь зам засварын ажил 4,5,6 сард хийгдэх ёстой. Түүнээс удвал бороо хур орох, баяр наадам, хүйтэн сэрүүн болох зэргээр асфальтан хучилт тавихад эрсдэл, хүндрэл үүсдэг байна. Тиймээс Хятад компанийн ажилчид ирж яаралтай Дарханы замын ажлыг хийж дуусгахгүй бол энэ жил шинэ замтай залгах мөн л үлгэр болох төлөвтэй байна.