Пхеньян он гарснаас хойш 7 дахь удаагаа пуужингийн туршилт явууллаа

Үйл явдал

БНАСАУ, он гарснаас хойшхи 7 дахь пуужингийн туршилт явуулсан байна. Пхеньян Чагандо мужаас Япон тэнгисийн зүг баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Yonhap агентлаг мэдээллээ. Түүнчлэн Пхеньяны тал пуужин харвасан мэдээллийг Японы эргийн хамгаалалтын алба мөн баталсан байна. 

Японы эрх баригчид Умард Солонгосын тал сүүлийн сарын хугацаанд улсынх нь эдийн засгийн бүсээс гадна ээлжит пуужин харвасныг эрс шүүмжлэн буруутгажээ. Токиогийн эрх баригчдын мэдээлж байгаагаар 1-р сарын 30-ны өдөр Пхеньян талаас Япон тэнгисийн зүг цөмийн баллистик пуужин харважээ. Умардын талаас харвасан пуужин 2 мянган км-ийн өндөрт гарч, 800 км-ийн зай туулан, далайн уснаа тусчээ. Эндээс үүдэн Японы эрх баригчид Умард Солонгосын талыг дундын зайн тусгалтай “Хвасон-12” загварын пуужин харвасан гэж үзжээ. Японы сайд нарын танхимын спикер Хироказу Мацуно энэ талаар мэдэгдэн, Умард Солонгосын тал олон улсын хориг саадыг үл харгалзан цөмийн баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлж байгаа нь бүс нутгийн болоод олон улсын аюулгүй байдалд заналхийлсээр байгааг эрс шүүмжлэн буруутгасан байна.