Ачаа тээврийн үнийг ил тод болгох “нээлттэй платформ” систем хөгжүүлж байна 

Засгийн газар

Замын-Үүдийн боомтоор өнөөдрийн байлдаар 1,460 чингэлэг ачаа барааг татан аваад байна. Өнгөрсөн 1 дүгээр сараас ажиллаж эхэлсэн тусгай зохион байгуулалт бүхий тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Мөн тээвэрлэлтийн үнэ бага багаар буурч эхэлжээ. Тээвэрлэлтийн үнийг цаашид ил тод байлгаж, хөөсрөл үүсгэхгүйн тулд урд хөрштэй хамтран “Нээлттэй платформ” системийг хөгжүүлж эхэлсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 13-наас Замын-Үүдийн автозамын боомтод тусгай зохион байгуулалт хийн хил дээр гацсан ачаа барааг татан авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1460 чингэлэг ачаа барааг аваад байна. Хилийн 0 цэгээс тээвэр логистикийн төв хүртэл тээвэрлэлтийг засгийн газар хариуцан зохион байгуулж байгаа. Ингэснээр тээвэрлэлтийн үнэ ч буурах боломжтой болсон. Хэт хөөсрөөд байсан ачаа тээврийн үнэ өдгөө 3 орчим сая төгрөгт хэлбэлзэж байна. Цаашид ч үнийн хөөрөгдлөөс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажил хийгдэж эхэлжээ. 

Одоогоор улсын хэмжээнд есөн боомт ажиллаж байна. Тухайлбал Гашуунсухайт боомтод өдөрт 100-160 орчим тээврийн хэрэгсэл орж гарч байна. Харин Замын-Үүд автозамын боомтоор 50-65 чингэлэг нэвтрүүлж байгааг албаныхан танилцууллаа.

Цаашид овор ихтэй ачаа барааг хэрхэн оруулах асуудлыг урд хөрштэй хэлэлцэж эхэлсэн байна. Тухайлбал авто тээврээр, төмөр замаар, чингэлэг тээврээр оруулж ирэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.